Б.Жавхлан: Захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулбал бид бууж өгснөөс өөрцгүй
УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл яригдаж байна. Зарим гишүүдийн зүгээс нэмэлт, өөрчлөлт оруулах цаг үе нь биш гэж байна л даа. Банкны салбарт олон жил ажилласан хүний хувьд хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Банкны тухай хууль 1990 онд батлагдан гарсан. Он цагийн хүрдээр тооцвол уг хууль маань 27 нас хүрч байна. Тиймээс хууль цаг үеэ дагаад сайжирч байх ёстой л доо. Банкны тухай хууль өнөөдрийг хүртэл гурван том “зовлон” үзсэн байдаг. 1998-2000 оны Азийн хямрал манайд хүчтэй орж ирэх үед уг хуулийг эхний удаа сайжруулсан. 2008-2010 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед дахин нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийн үед удаах нэмэлт, өөрчлөлтийг оруулах гэж байгаа юм. Хууль өөрөө амьдрал дээр туршигдаад тэндээсээ даалгавар авч сайжирч байх ёстой.
-Өнөөдөр нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь мөн үү?
-Энэ цаг мөчид уг хуулийн юу нь болоод, юу нь болохгүй байгааг харж байж тухайн цаг хугацаан дээрээ тавих ёстой. Энэ удаагийн хуульд орж буй өөрчлөлтийн гол санааг хэлье. Өнөөдөр банкны системд эргэлдэж буй нийт хөрөнгийн 90 хувь нь ард түмний хуримтлал, ажил олгогчдын мөнгөн хадгаламж, гаднаас татсан хөрөнгө оруулалтууд байдаг. Тиймээс 90 хувьд хамаарч буй хувь хүн, аж ахуйн нэгжийн хөрөнгийн аюулгүй байдлын төлөө Монголбанк бодлогын шийдвэр гаргаж оролцдог. Энэ оролцоо нь зөв, хүчтэй байх ёстой. Үр дагавар нь хадгаламж эзэмшигч, татвар төлөгчдийн төлөө байх нь тэргүүний үүрэг.
Нөгөө талдаа банкны Гүйцэтгэх захирлуудаас эхлээд банкны эзэн, хувь нийлүүлэгч хүртэл банкируудын хариуцлагыг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл банкны нийт активын 10 хувийг эзэмшиж буй эзэн нь банк удирдах өндөр мэдлэгтэй, чадварлаг хүн байх ёстой. Амьдрал үүнийг шаардаж байна. Уг нь эдгээр өөрчлөлтүүд эрт хийгдэх байсан юм. Бараг хоцорч байна л даа. Манайхан өөрсдөө биеэрээ туулж байж ухаардаг. Цаг үе нь ОУвС-гийн хөтөлбөртэй давхацлаа.
-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих хүрээнд өнөө шаардлагууд дунд орж ирсэн байх аа?
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд ч орж ирсэн. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт зайлшгүй хийгдэх ёстой. Олон нийтийн дунд нэлээд яриа болж буй асуудал бол “Зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг Төвбанкнаас тогтоож болно” гэсэн заалт болчихоод байна.
-Энэ тухай л танаас асуух гэж байсан юм...
-Орж ирсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг бүрчлэн уншихаар энэ тухай ямар ч заалт байхгүй. Уг зохицуулалт хаана орж ирсэн бэ гэхээр нэмэлт, өөрчлөлттэй холбоотой дагалдах хуулийн төсөл дээр орж ирж байгаа юм. Тэр нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд “Зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг Төвбанкнаас тогтоож болно” гэсэн ганцхан өгүүлбэр оруулахаар орж ирсэн. Харин банкны тухай хуулийн зохицуулалт дээр ийм заалт байхгүй. Дагаж орж ирсэн хуулийн заалт нь Төвбанкинд үүрэгжүүлсэн байна.
-Заавал ингэж банкны тухай хуультай зэрэгцэн орж ирэх нь зөв юм уу, тэгээд?
-Үүнийг хуульчид сайн хэлэх байх. Эдийн засгийн агуулгаараа нэг нь арилжааны банк болон Төвбанкны хоорондох харилцааг зохицуулах гээд байдаг. Дагаж орсон хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Төвбанкнаас зах зээлийн захиргаадалтын арга хэмжээ авахаар орж ирсэн.
-Банкны тухай хуульд банкируудыг хариуцлагажуулахаар болж байгаа гэлээ. Ийм шаардлага байна уу гэсэн асуултууд цахим орчинд нэлээд явж байна л даа...
-Сүүлийн 20 орчим жилд тохиосон эдийн засгийн хямралуудаас болж миний мэдэхийн Монгол Улсын 11 банк дампуурсан. Энэ дүйвээнээр хадгаламж эзэмшигчид бараг хохироогүй. Ихэнхийг нь төрөөс барагдуулчихсан юм. Нэг үгээр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн. Угтаа тэр мөнгийг банкны эзэд, чанаргүй зээлдэгч нараас гаргуулах ёстой биз. Дараагийн удаа эдийн засгийн болон банкны салбарт хямрал нүүрлэлээ гэхэд алийн болгон татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулах юм бэ. Тиймээс үүнийг урьдчилан харж эрсдлийн дохио өгөнгүүт төр хүчтэй оролцдог, зөөлнөөсөө хатуу хүртэл шат дараалсан арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Тэр зохицуулалтыг л хийж өгч байгаа юм. Банк бараг дампуурчихсан байхад Төвбанк арга хэмжээ авдаг байсан бол одоо урьдчилан эрсдэлд суурилж арга хэмжээ авна гэсэн үг. Судалгаан дээр суурилж энэ банк эрсдэлд орж магадгүй юм байна гээд урьдчилан арга хэмжээ авч хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг хамгаална. Тэгэхгүй бол энэ алдагдал нь хэтрээд татвар төлөгчдийн мөнгө рүү орохоос урьдчилан сэргийлж байгаа. Нөгөө талдаа энэ их хөрөнгийг удирдаж, менежмент хийж байгаа эздийн санхүүгийн хариуцлагыг нь өндөржүүлж байна.
-Банкны эзэд өнөөдрийг хүртэл хариуцлагагүй хандаж ирсэн гэсэн үг үү?
-Хариуцлагыг нь шат шатаар нь ахиулж байгаа юм. Систем маш хурдацтай өөрчлөгдөж байна. Банкны систем итгэлцэл дээр тогтдог байсан бол одоо технологи дээр тогтож эхэллээ. Технологийг дагаад банкны менежерүүдийн хариуцлага нэмэгдэж, хяналт сайн байх ёстой. Цаг хугацааны өөрчлөлт биднийг салбараа өөрчлөх, сайжруулахыг шаардаад байна. Харин зээлийн хүүгийн тухайд энэ мөнхийн сэдэв. Хурцаар яригдах ёстой. Банкны тухай хуулийн төсөл дээр ор тас хамаагүй зүйлийг нэмээд оруулж ирсэн.
-Төвбанкны зүгээс боловсруулсан хуулийн төсөлд байхгүй байсан заалтыг гишүүд нэмчихсэн гэж ойлгож болох уу?
-Төвбанк хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санаачлагч нь. Төвбанк өөрөө хууль өргөн барих статусгүй тул гишүүдээр дамжуулан өргөн барьсан. Харин гишүүд судалж үзээд бүрэн эрхийнхээ хүрээнд нэмэлт, өөрчлөлтөөр уг заалтыг оруулж ирсэн юм. УИХ дээр хэлэлцээд явна.
-Гэхдээ захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулах нь эрсдэлтэй байх. Зээл авч байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд үүн шиг сайхан мэдээ байхгүй. Тиймээс жинг нь тааруулахын тулд нэлээд ажиллах байх, тийм үү?
- Гишүүд бүгдээрээ хууль өргөн барих эрхтэй. Гэхдээ захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулна гэвэл бид бууж өгч байна гэсэн үг. 27 жил бид зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх гэж зүтгэлээ. Харамсалтай нь бид зөв зохицуулалт руу нь хүргэж чадалгүй бууж өгнө гэж ойлго. Зээлийн хүүг бууруулахын тулд бид инфляциа, бодлогын хүү нам дор, тогтвортой байлгах хэрэгтэй. Уул уурхайгаа хамааралтай гэнэтийн шокуудад өртдөггүй, эдийн засгийн өрсөлдөх чадвар өндөр байх хэрэгтэй. Эдийн засгийн барометрууд нь тогтвортой байж зээлийн хүүгийн дээд хязгаар нь тогтмол зааж байх боломж бүрдэнэ. Ийм боломж одоогоор бүрдээгүй байна. Энэ нь эргээд банкны системийн тогтворгүй байдлыг үүсгэх магадлалтай. Бусад орнуудын жишгийг харж байхад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоочингуут бусад шимтгэлүүд нь өндөр болчихдог. Банк өөрөө бизнесийн байгууллага учраас алдагдалтай ажиллахыг бодохгүй. Зээлийн хүүгийн түвшин, инфляцийн түвшин, ханшийн түвшин гэдэг нь өнөөгийн манай эдийн засгийн тусгал нь. Өөрөөр хэлбэл санхүүгийн суурь өртөг өндөр байна. Тиймээс бид суурь өртөгтэйгээ ноцолдох ёстой.
Хамгийн том өртөг хадгаламжийн хүү. Хадгамалжийн хүү яагаад өндөр байгаа юм бэ. Банкууд хадгаламжийн хүүгээ буулгах сонирхолтой байгаа. Банкуудын сул чөлөөтэй хөрөнгө нь 40 хувьтай байна. Сул чөлөөтэй хөрөнгө нь 40 хувьтай байхад өндөр хүү төлж хадгаламжийг бариад байх сонирхол тэдэнд байхгүй.
-Буулгах боломж гарахгүй байна гэсэн үг үү?
-Өнөөдрийн жишээгээр Улаанбаатар хотын инфляци аравдугаар сард найман хувьтай гарсан. Улсын инфляци зургаан хувьтай гарч байна. Жилийн дотор долоон пунктээр нэмэгдээд ирж байгаа юм. Бодлогын хүү нь буураад 12 болчихоод байдаг. Засгийн газрын үнэт цаас нь буураад байдаг. Гэтэл доороосоо инфляци шахаад гараад ирдэг. Мөнгөний бодлогын хувьд бодлогын хүүгээ хааш нь залах вэ гэдэг том асуултын тэмдэг болж байна. Инфляци нь өөрөө ийм тогтворгүй савалгаатай байхад хадгаламжийн хүүг нэг, хоёр жилээр тогтвортой барих ямар ч боломжгүй болчихдог. Хэрэв хадгаламжийн хүүг 12 хувиас доош орууллаа гэхэд инфляци нэмэгдээд нөгөөхөөс нь даваад явчихна. Ингэснээр иргэд банкинд мөнгөө хадгалуулах сонирхолгүй болж мөнгө банкнаас зугтаж эхэлдэг. Тэгэхээр бид эдийн засагт нөлөөлдөг бусад суурь эдийн засагт нөлөөлдөг сувгуудаа тогтвортой барьж гэмээнэ зээлийн хүү буурах механизм бүрдэнэ. Эдийн засгийн суурь ойлголтуудаа зөв хөгжүүлж, үүн дээрээ ажиллах ёстой. Ажиллаж чадахгүй байгаа болоод захиргаадалтын арга хэмжээ рүү ордог. Энэ цаашаа ямар үр дагавартай байх вэ гэдгийг төсөөлөх аргагүй болж байна.
-Арилжааны банкууд ч гэсэн захиргаадалтын арга хэмжээгээр зээлийн хүү бууруулахыг дэмжихгүй л байх...
-Зээлдэгч нарын хувьд үнэхээр зээлийн хүү л буурч байвал болчих юм шиг гоё сонсогдож байж магадгүй. Тэр нь захиргаадалтын байна уу, уяраалтын байна уу ямар аргаар байх нь хамаагүй. Тэднийг буруутгах аргагүй. Гэтэл тэр шийдвэр дээр нь улс төрийн шийдвэр гаргаж нэг удаа аргалах гэж байгаад нуухаа авах гээд нүдээ сохлох вий. Эрсдэлтэй шүү.
-ОУВС-гийн зүгээс банкуудын активын чанарт үнэлгээ хийхийг зөвлөсөн. Үүнтэй уялдаж байгаа юу?
-Үүнтэй маш сайн уялдах ёстой. Зөв ч гэж бодож байгаа. Банкны системийн бүтцийн өөрчлөлт анх удаа яригдаж байгаа юм биш. 2010 онд энэ асуудал яригдаж байсан юм. Банкны системийн бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэлтийн төлөвлөгөөг Төвбанкнаас УИХ-д өргөн барьсан ч амжилттай явж чадаагүй. Харин энэ удаа эрх зүйн орчныг нь сайжруулж, зохицуулалтыг нь зөв хийж байж системдээ тэр дундаа олон нийтэд хохирол багатайгаар банкны системийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авах хэрэгтэй болж байна. Бид хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож чадахгүй байж ямар нэг тест хийлээ гэхэд цаасан дээр л үлдэнэ. Банкны системийн өрсөлдөх чадварыг сайжруулчихвал дараа нь ямар нэгэн хууль гарлаа гэхэд даван туулах чадвартай болно. Үүнийг нь өнөөдрөөс эхлэн бэлдэх ёстой. Даяарчлагдаж буй эдийн засгийн түвшинд олон улсын стандартад банкны систем маань хөл нийлүүлэн алхах нь чухал. Энэ бүхнийг хийхийн тулд бид цогц арга хэмжээнүүдийг авах ёстой.
-Төрийн ордонд худалдаа эрхлэгчид чуулсан. Тэдний зүгээс арилжааны 16 банкны зээлийн хүүг мөнгө хүүлэлт гэж тодорхойлсон. Энэ дарамтаас төр гаргаж өгөх ёстой гэж байсан. Зээлийн хүү яах аргагүй хаа хаанаа дарамт болж байна. Тэд банкны зээлийн хүү буурч байвал ямар ч арга хэмжээ авсан яадаг юм гэж байсан л даа...
-Зөв л дөө. Манай санхүүгийн өртөг өндөр байгаа. Энэ зөв шүүмжлэл. Үүн дээр бид бодлогын зөв арга хэмжээнүүдээ авах хэрэгтэй. Ямар үед захиргааны арга хэмжээ авах вэ, аль байгаа онилох вэ. Бид хүүг захиргааны аргаар бууруулж байснаас суурь өртгөө бууруулах ёстой. Хадгаламжийн хүү өндөр байгаа шалтгаан нь банкууддаа эх үүсвэр нь дутмаг байна. Тиймээс эх үүсвэрээ авахын тулд хадгаламжийн хүүгээ бууруулж чадахгүй өрсөлдөөд байгаа юм. Банкны систем рүү өөр өртөг багатай сул чөлөөтэй мөнгөн хөрөнгүүдийн урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ялангуяа гаднаас орж буй хөрөнгө оруулалт, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний нэг суваг нь гадаадын хөрөнгө оруулалттай банк, сангууд, санхүүгийн байгууллагуудыг либералчилан оруулж ирэх ёстой.
Үүний нэг жишээ нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг ноднин надтай хамт 20 гаруй гишүүн өргөн барьсан. УИХ дээр хэлэлцэх шатандаа явж байна. Бид нэг боломжийг нь үүгээрээ нээж өгч байна гэсэн үг. Худалдаачдын хүлээлт, эрэлт хэрэгцээг ойлгож байна. Бүгдээрээ л тийм эрэлт хэрэгцээтэй байгаа.
-Ноднин Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль нэг хэсэг хүчтэй яригдаад чимээгүй болсон. Зарим гишүүдийн зүгээс Үндэсний хөрөнгө оруулалтын банк гэдэг нэртэй банк бий. Үүнийг дэмжих гэж байна гээд шүүмжилсэн. Хуулийн төслөө хэзээ хэлэлцүүлэх вэ?
-Хуулийн төслийг өргөн барьснаас хойш ажлын хэсгийн гарт очсон. Миний зүгээс хуулиа түргэвчлүүлэх, хэлэлцүүлэх тал дээр анхаарч байгаа. Ажлын хэсэг нэлээд ажиллах шаардлага байсан юм байлгүй дээ. Удахгүй хэлэлцээд явах байх.
-Хууль батлагдлаа гэхэд гадны банкууд хөрөнгө оруулах эрх зүйн орчин бүрэн нээгдэх үү?
-Бид хууль эрх зүйн орчноо эхлээд бүрдүүлсэн байх ёстой. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байхад миний мэдэхийн гадны 5-6 банк хүсэлтээ илэрхийлсэн байсан. Одоо бол нэг ч байхгүй. Энэ хууль батлагдлаа гэхэд гадны банкууд уралдаад орж ирнэ гэж байхгүй л дээ. Горьдсоны гарз. Харин бид эрх зүйн орчныг нь бий болгосноор эдийн засаг сэргэх үед олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж биднийг тоовол гадны хөрөнгө оруулалтын банк орж ирэх байх гэж найдаж байна. Гэхдээ эдийн засаг руу зөв сувгаар оруулж ирэх ёстой.
-Ямар суваг билээ?
-Манай улсад хохиро учруулахгүй, богино хугацаанд өндөр ашиг хийгээд гардаг биш тогтвортой урт хугацаанд үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай. Нөгөө талдаа үндэснийхээ банкны системийн тогтвортой байдлыг тодорхой хэмжээнд хамгаалах арга замыг төрөөс заавал хийж өгөх хэрэгтэй. 1990-ээд оны сүүлээр зүүн европын орнууд зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор барууны том банкууд орж ирж үндэсний банкууд нь тэнцвэргүй өрсөлдөөнд байхгүй болсон гашуун туршлага бий. Манай үндэсний банкууд жижиглэнгийн зах зээл дээр түлхүү ажилладаг. Гэтэл манай зээлдэгч, бизнесийн орчны тэлэлт уул уурхайгаа дагаад маш хүчтэй явж байна. Ингэснээр манай банкууд тэлэлтээ хангаж чадахгүй болж эхэлсэн. 200 сая ам.долларын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломж байхгүй. Тэгэхээр уг эрэлт хэрэгцээг хангаж чадах, татвараа төлдөг, банкны шинэ системийг дагаж ноу хау орж ирэхийн зэрэгцээ бид шинэ соёлд суралцана.