2017.11.24
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Л.Оюун-Эрдэнэ: Улстөр хэрүүлээр биш шинжлэх ухаан, инновацаар хэмжигддэг болж байна

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ асуулт асуулаа.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЮУНЫ ЧАДАВХИАР ДЭЭГҮҮР ЖАГСДАГ МАНАЙ ОРНЫ СУРГУУЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР МУУ БАЙНА

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тэргүүлэх салбар гэж байхгүй, төсвөө тэгшитгэн хувааж ирсний гай гарч ирж байна. Өдрөөс өдөрт улстөр хэрүүлээр биш шинжлэх ухаан, инновацаар хэмжигддэг болж байна.

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээд дэлхийд нэгт жагсдаг. Гэхдээ газар тариалан, хүнсний үйлдвэрийн өрсөлдөх чадвараар 192 орноос 180-д явж байна.

Оюуны чадавхиар 8-т жагсдаг. Гэвч их дээд сургуулийн өрсөлдөх чадвараар 2000-аас хойш жагсдаг.

МУИС гэхэд 2264-т жагссан байна. Шинжлэх ухаан, инновацийн чадавхиар Монгол Улс хэдэд явж байгаа вэ? Дараагийн 10 жилийн хугацаанд өрсөлдөх чадварыг хэдээр ахиалахаар төлөвлөж байна вэ?

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт гээд маш том 4 салбарыг 1 яаманд өгсөн. Боловсролын салбарт сургууль, цэцэрлэгт төсөв тавигддаг учраас энэ яамны төсөв их юм шиг харагдаад байдаг. Гэтэл үлдсэн 3 салбар нь Боловсролын яамны хавсарга болсон. Цаашдаа бүтцийг ийм байдлаар авч явах юм уу? Засгийн газар энэ асуудалд дорвитой өөрчлөлт хийж чадах уу? Эсвэл социализмын үеийн бүтцээр явах уу?

Социализмын үед хийгдэж байсан төрийн байгууллагын бүтэц өнөөдрийн нийгмийн хурдацтай хувьсан өөрчлөлтөө даахаа больсон байна.

УИХ-ЫН ГИШҮҮН, БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА: ӨСВӨР НАСНЫ ЗАЛУУЧУУД НЭР АЛДРАА ДУУРСГАЖ БАЙГАА Ч СУРАЛЦАХ ОРЧИН ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Хүнээ хөгжүүлсэн улс хөгжиж байна. Улсын ашиг орлогыг хүний хөгжил авч ирж байна. Эдийн засгийг шүтсэн, эдийн засгийн ашгийн төлөө хөөлцөлдөж байгаа юм шиг байгаа боловч тэр их ашиг, тэр их орлогыг хүний оюун санаа, хүний чадамжаар л улс эх орон авч ирж байгаа. Тиймээс монгол хүний онлогийг агуулсан, дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагад ойртсон бодлогыг монголын төр боловсрол, шинжлэх ухааны салбарт авч хэрэгжүүлэх ёстой.

Оюуны спортын үзүүлэлтээр өсвөр насны залуучууд дэлхийд нэр алдраа дуурсгаж байгаа ч суралцаж буй орчин хангалтгүй байгаа юм. Гэхдээ бид сургалтын орчныг сайжруулах үүднээс алхам хийж байгаа. Сүүлийн 25 жилийн хугацаанд иргэний хөгжлийг орхигдуулсан зүйл ажиглагдаж байгаа. Тиймээс энэ чиглэлд цаашид анхаарах болно.

ШИНЭ МЭДЭЭ