Б.Жавхлан: Валютын ханш тогтвортой байх боломжтой
2017.11.10
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Валютын ханш тогтвортой байх боломжтой

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн байр суурийг сонссон юм.

-Монголбанк 2018 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ урьдчилсан байдлаар тодорхойллоо. Хэлэлцүүлгийн шатанд яваа мөнгөний бодлогыг хэрхэн үнэлж байна вэ?

-Нэн тэргүүнд ирэх оны нэгдсэн төсвөө батлах ёстой. Үүний дараа мөнгөний бодлогыг хэлэлцэнэ. Ирэх оны мөнгөний бодлогод инфляцын түвшинг найм орчим хувьд тогтоон барихаар тусгасан байсан. Эдийн засгийн идэвхжлээс хамаарч өнөөдрийн байдлаар инфляцын түвшин таваас доош хувьтай байгаа.

Гэхдээ энэ оны төсвийн орлогын тэлэлт, зарцуулалтаас шалтгаалан тав орчим хувьд хүрэх төлөвтэй байна. Харин 2018, 2019 онд инфляцын түвшин найм орчин хувьд хүрнэ. Ингэснээр мөнгөний бодлогыг сулруулах боломж бүрдэхгүй гэсэн үг.

Төв банкны үнэт цаасны хүү 12 орчим хувьтай байна. Тэгэхээр ойрын хоёр жилийн хугацаанд Төв банкны үнэт цаасны хүү буурах боломжгүй.

ИЙМ ҮЕД ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ НЬ ТӨСВИЙН САХИЛГА БАТ.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн хайрцаг дундаа төсвийн сахилга батыг маш сайн хангах ёстой.

-Төсвийн сахилга батыг хангах боломжийг та хэрхэн харж байна вэ. Учир нь ирэх оны төсвийн төслийг чамбай-руулахад цаг хугацааны хувьд боломжгүй байлаа гэсэн тайлбарыг Сангийн сайд өгсөн. Өөрөөр хэлбэл. он гараад төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн гэдгийг зарим гишүүд хэлж байна?

-Нүүрсний экспортын орлогоос шалтгаалаад төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлт гарч байна. Үүнийг цаашид хадгалах нь чухал. 2018 онд биднээс үл шалтгаалах ч гэсэн таатай үе тохиовол төсвийн зарлагыг 7.2 их наяд төгрөг, улмаар алдагдлыг 2.4 их наяд төгрөгт багтаан барих боломжтой.

Таатай үе гэдэг нь манай улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг зэс, нүүрсний ханш дэлхийн зах зээлд төлөвлөсөн хэмжээнд байвал гэсэн үг. Хэрэв орлого нэмэгдвэл төсөвт тодотгол хийх байх.

Гэхдээ жилд нэгээс хоёр удаа төсвөө тодотгож, тухай бүрт нь улс төр дагуулаад байвал төсвийн сахилга бат алдагдаж, эрсдэл дагуулна. Тиймээс төсвийн сахилга батыг чанд мөрдөх ёстой. Төсвийн макро хайрцаг дундаа мөнгөний бодлого тогтвортой байх боломжтой юу?

Тийм гэж харж байна. Гэхдээ нэг л хүндрэл үүсэхээр байна. Учир нь ирэх хоёр жилийн хугацаанд зээлийн хүүг бууруулах боломжгүй болчихлоо. Төв банкны үнэт цаасны хүү 12 хувь байгаа бол Засгийн газрынх 15 хувьтай байна. Хүүгийн энэ түвшин ирэх жилүүдэд буурах боломжгүй. Төгрөгийн суурь өртөг ирэх хоёр жилд буух орон зай харагдахгүй байна.

Гэхдээ эдийн засаг тогтвортой байх нь чухал. Манай улсын эдийн засгийн орчинд инфляц 5-8 хувьтай байна гэдэг нь эдийн засаг тогтвортой байх үзэгдэл. Эдийн засгийн тогтвортой орчин бий болгохын тулд мөн л төсвийн сахилга батыг сайжруулах ёстой. Мөн банкны системийн тогтвортой байдал чухал.

-Монголбанкны ерөнхийлөгч ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг уялдаа холбоотой боловсруулсан хэмээн тайлбар өгсөн. Гэвч төсвийн төсөлд багагүй өөрчлөлт орлоо. Үүнийг дагаад мөнгөний бодлогод засвар орох уу?

-Тодорхой хэмжээгээр өөрчлөлт орно. Төсөв дагасан мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг. Үүнд Төв банк ямар зохицуулалт хийхээ төлөвлөж байгаа байх.

-Олон нийт Төв банкны үүргийг инфляц онцлох гэхээс илүүтэй гадаад валютын хан-шийг тогтвортой барих ёстой газар гэж ойлгодог. Тиймээс ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ханшийг тогтворжуулахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Төв банк валютын ханшийг онилж бодлого явуулдаггүй. 1996 оноос эхлэн Монгол Улс чөлөөтэй хөрвөдөг валютын ханшийн дэглэмд шилжсэн юм. Үүнээс хойш Төв банк валютын ханшийг зарладаг болсон. Түүнээс биш валютын ханшийн бодлого явуулдаггүй. Валютын ханшийн хэлбэлзэл бол төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны балансын илэрхийлэл.

Тиймээс төлбөрийн тэнцэл дээр Засгийн газар болон Монголбанк хамтарч ажиллах ёстой. Ялангуяа Засгийн газрын оролцоо 80-90 хувьд нь байдаг. Гадаад худалдааг дагасан валютын урсгалын хэмжээ, тэнцэл ямар байгаагаас шалтгаалаад валютын ханш хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, халууны шилэн дээр нь зааж буй заалт нь валютын ханш, халууруулж буй шалтгаан нь төлбөрийн тэнцэл.

ТӨР ӨӨРӨӨ ВАЛЮТЫН ХАНШИЙГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ НЬ ЧУХАЛ
-Тэгвэл хэн валютын ханшийг барих ёстой юм бэ?

-Төр өөрөө валютын ханшийг тогтвортой байлгах нь чухал. Экспортыг дэмжиж байна гээд валютын ханшийг сул тавих, импортыг дэмжиж байна гээд төгрөгийн ханшийг чангалж болохгүй. Товчхондоо, валютын ханш тогтвортой байх ёстой.

Хэрэв ирэх онд энэхүү төсвөө хайрцаглаад явж чадвал валютын ханш тогтвортой байх боломжтой. Манай улс ирэх онд төлөх гадаад өрийн дарамтаас гарлаа.

2018 он гараад таван жилийн хугацаатай “Чингис” болон “Дим сам” бондын эргэн төлөлтийг хугацаанд нь хийж чадвал Засгийн газрын зээлжих зэрэглэл ахих боломж бүрдэнэ. Зээлжих зэрэглэл сайжирвал гадаад урсгалд эерэг дохио өгнө.

Ингэснээр валютын ханш тогтворжих нөхцөл бүрдэнэ. Гэхдээ богино хугацааны хөдөлгөөн үүсэхийг үгүйсгэхгүй. Ханшийн өөрчлөлтөөс ашиг олох гэсэн гаднын дайралтад Төв банк интервенц хийх замаар саармагжуулах ажлыг гүйцэтгэдэг. 

Сэтгүүлч Б.Даваатогтох

ШИНЭ МЭДЭЭ