2017.11.08
Эдийн засаг, Худалдаа
Л.Оюун-Эрдэнэ: Хүү бага бонд босгож, өрийг дарахаас өөр аргагүй
УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.ОЮУН- ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.
-Энэ төсвийн орлого давж биелсэн. Харин ирэх оны төсвийн хувьд яах бол, хэр зэрэг чамбай болсон гэж харж байна вэ?
-Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ сангаас тавьсан орлого, зарлагынхаа тэнцлийг сайн байлгах ёстой гэсэн шаардлагад нийцсэн төсвийг оруулж ирэх ёстой. Ирэх оны төсөвт хэд хэдэн онцлог зүйл бий.
Тухайлбал, нэгдүгээрт, иргэдийн амьжиргааны төвшин бага байгаатай холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарал хандуулахаар тусгасан. Үүнийг УИХ-ын гишүүд дэмжиж, байр сууриа илэрхийлэн санал хэлж байна.
Хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг 70-80 хувьд нь олгох боломжийн талаар ОУВС-гийнхантай ярилцаж байна.Гуравдугаарт, сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байгаатай холбогдуулан боловсролын салбарт зориулж төсөвт нэлээд санхүүжилт тавьж өгсөн.Үүнийг энэ цаг үед тохирсон зохицуулалт гэж үзэхээс аргагүй.
-Ер нь төсвийг боловсруулахад юунд анхаарах шаардлагатай гэж боддог вэ. Олон улсын жишигтэй харьцуулбал?
-Томоохон улс орон эсвэл хөгжилд хүрсэн Катар,Норвеги зэрэг нь тэргүүлэх салбартаа улсын төсвийнхөө 30-40 хувийг тавьдаг юм билээ.Бусад асуудлыг үлдсэн хувиар нь зохицуулдаг жишигтэй.Манай улсын хувьд хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал, жуулчлал болон боловсрол нь тэргүүлэх салбар болдог.
Гэтэл эдгээр салбар руу чиглэсэн бодитой хөрөнгө оруулалтыг төсөвт тусгаагүй. Үүний шалтгааныг ОУВС-тай холбож тайлбарлаж байгаа.Тиймээс эдийн засаг хүнд байсан үеэс гарсан шилжилтийн үеийн төсөв боллоо гэж харж байна.
-Тэгвэл 2019 оны төсвийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Тухайн үед ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа дуусчихсан байх учраас 2019, 2020 оны төсөв нэлээд том реформ хийсэн байх болов уу.Хонины нэхий үнэгүйдэж, манай улс дефолт руу явж байсан нөхцөл байдал ард хоцорч, эдийн засагт ногоон гэрэл асч байгаа нь авууштай.Гэхдээ л чамлахаар төсвийг оруулж ирсэн.
-Энэ жил мөн ялгаагүй 2.4 гаруй их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг оруулж ирсэн.
Ер нь цаашид алдагдлыг бууруулах, нөхөх боломж бий юү?-Олон улсын стандартаар ямар ч улс орны төсөв 2.5-3 хувийн алдагдалтай байж болно гэж үздэг.Үүнээс дээш гарвал маш хүнд байдалд орно гэсэн үг.Тиймээс Сангийн сайд орлого, зарлагын тэнцлийг энэхүү стандартад нийцүүлж барихыг чухалчилсан.ОУВС ч ялгаагүй ийм шаардлага тавьж байгаа.
-Төсвийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх ёстой вэ?
-Олон боломж бий.Нүүрсний экспортоо хэрхэн нэмэгдүүлэх, нүүрсийг дотооддоо баяжуулаад гаргавал хэдэн төгрөгийн ашигтай байх уу, жуулчдын тоог яаж нэмэгдүүлэх үү гэх олон асуудлыг судалж, бодит ажил болгох хэрэгтэй.
Гадаадын нэг жуулчин Монголд 780 гаруй ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа бий.Энэ бол бага мөнгө биш.Гэвч ирж байгаа хүний тоо маш бага.
Энэ нь онгоцны нислэг олддоггүйтэй холбоотой.Энэ мэт асуудлыг шийдвэрлэвэл орлого нэмэгдэнэ.Ийм байдлаар эдийн засгаа аль болох төрөлжүүлэх хэрэгтэй.
Тэр хэрээр орлого тогтвортой байна.Зөвхөн нүүрс экспортолж буй тохиолдолд хил гаальд бага зэрэг асуудал үүсэхэд манай улсын эдийн засгийн 90-ээд хувь нь ашигт малтмалаас хамааралтай учраас хүндрэл гарах магадлал өндөр.Орлого нэмэгдүүлэх бас нэг эх үүсвэр бол татварыг шударга төлөх.
-Татвар нэмэгдүүлэхээр иргэдэд дарамт болдог. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Шаталсан татвар гэдэг дэлхийн аль ч улс оронд байдаг үзэгдэл.
Өөрөөр хэлбэл, орлого их олсон тохиолдолд өндөр, бага бол бага л татвар төлөх ёстой.1990 оноос өмнө бид коммунист системтэй байсан одоо капиталист. Үүний дунд үндэснийхээ онцлогт тохируулж шийдсэн орон бол Япон, Сингапур.
Япон хөрөнгө олж байгаа хэсэгтээ татварын дарамт үзүүлж дундаж давхаргын иргэдийнхээ тоог нэмдэг. Мөн хэн нэгэн нь бусдаасаа илүү их хөрөнгөтэй байхыг дэмждэггүй. Манай улсын хувьд ганцхан гэр бүл газрын доорх баялгийг ашиглаж байгаа хэрнээ энгийн иргэдтэй адил хэмжээний татвар төлөх нь шударга бус.
Хэрэв тэгвэл лицензийг нь иргэдэд олгодог л байх ёстой.Тиймээс татварын бодлогыг хэт буруутгасан пиар бол худлаа байдаг.Татварыг шаталсан байдлаар нэмэх ёстой ч иргэдийн нуруун дээр ачаа нэмэхгүй байх хэрэгтэй.Гол нь архины үйлдвэрлэл эрхэлж, уул уурхайн бизнес хийж байгаа тохиолдолд татвар өндөр тогтоож, заавал авах ёстой.
-Энэ оны төсвийн орлого давж биелсэн нь эрдэс баялгийн үнэ олон улсад нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байгаа. Энэ утгаараа ирэх оны төсөвт үнэ ханшийг нь буурахгүй гэж тооцож тусгасан юм билээ. Хэрэв буурвал төсөвт эрсдэл үүсэх үү?
-Ирэх жилийн хувьд бол гайгүй.Ганцхан эрсдэл бий.Хоёр Солонгосын асуудал хурцадмал байгаа.Иймд энэ бүс нутагт эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг урьдчилан таахад амаргүй нөхцөл байдал үүсч байна.
-Улсын төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүдээс ямар санал гарч байна вэ. Тухайлбал, та төсвийг хэрхэн чамбай болгож, эрүүлжүүлэх ёстой гэж бодож байна?
-Төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлалтай холбоотой асуудлыг нэлээд шахна гэж бодож байна.Яагаад гэвэл, төрийн өмчит ашиггүй олон газар байна.Төрийн албыг данхгар харагдуулдаг нэг шалтгаан бол нэлээд хувийг эзэлдэг харуул болон үйлчилгээний ажилчид.Тиймээс үүнийг шийдвэрлэхийн тулд төрийн өмчит үйлдвэрийн газар болгож тусад гаргах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, төр болон хувийн хэвшил гэрээний үндсэнд үйлчилгээ үзүүлдэг болгосноор улсын төсвийг хэмнэх магадлалтай.Энэхүү саналыг УИХ-ын нэр бүхий гишүүн санаачилж, хэлэлцүүлгийн үеэр ярьж байна.Мөн улсынхаа тэргүүлэх салбарт хөрөнгө оруулалт хийх баялгийн сан хэлбэрт орох, бүтцийг судлах санал төсвийн хэлэлцүүлгийн үеэр гарч байна.
Баялгийн сан гэдэг ч юм уу нэршил хамаагүй ямар ч байсан хуримтлалын сантай байх хэрэгтэй.Энэхүү сангаасаа нэгдүгээрт, тэргүүлэх салбараа санхүүжүүлж, хоёрдугаарт, боловсролыг маш сайн дэмжих хэрэгтэй.
Боловсролтой болсноор тухайн хүний амьдрал өөрчлөгддөг.Гэтэл манай боловсролын ялгаа хот, хөдөөд өдрөөс өдөрт гарч байна.Энэ талд томоохон суурь өөрчлөлт хийх хэрэгтэй.
Гуравдугаарт, жижиг, дунд үйлдвэрлэл. Дөрөвдүгээрт, орон сууц.
Эдгээрийг бий болгож, бодлогоор дэмжсэнээр дундаж давхаргын хувь хэмжээг нэмэгдүүлнэ.Энэ чиглэл рүү орж байж төсөв эрүүлжих болов уу гэж хардаг.
Гэтэл одоо энэхүү бодлогоос илүү халамжийг илүүд үздэг.Ард иргэд маань ч халамжийн бодлогодоо дасчихсан учраас хасч, танах гэхээр бухимдаж, эсэргүүцдэг. Улстөрчид маань ч ард түмэнд таалагдахын тулд төсвийг энэ чиглэлд хуваарилдаг. ХНХЯ халамжийнх биш үндсэн чиг үүрэг нь дундаж давхаргыг дэмжих шүү дээ.
-Төрийн банкийг хувьчлахаар төсөвт тусгасан байна билээ. Хувьчлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэв үү эсвэл өөр шалтгаан байв уу?
-Ер нь төр өөрөө банктай байх нь сайн зүйл биш.Үүнийг бодлогын хувьд би дэмжиж байгаа.Учир нь, улсын төсвийн ачаалал тодорхой хэмжээнд багасна гэсэн үг.Гэхдээ хэрхэн хувьчлах нь Сангийн яамны мэдэх асуудал байх.
Зөвхөн арилжааны банкуудтай байх хэрэгтэй.Тэдгээр нь дэлхийн жишгээр өөр төсөл рүү ордоггүй.Жишээлбэл, аль нэгэн арилжааны банк уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж болохгүй.Мөн олон улсын банкуудыг оруулж ирэх хэрэгтэй.Ингэснээр зээлийн хүү буурна.Үүнд төр болон банк нь оролцохгүй, зөвхөн Монголбанк зохицуулалт хийснээр бизнесийн жам ёсны орчин бүрдэнэ.
Эдийн засгийг хүнтэй зүйрлэвэл,судас хатуурахаар цус харвадаг шиг нөхцөл байдлыг төр, засаг бүрдүүлдэг.Өөрөөр хэлбэл, манай төр, засаг оролцох ёстойд нь биш оролцохгүй зүйлд оролцож цусны эргэлтэд бөглөрөл үүсгэдэг.
Төрийн бодлого тогтворгүй, сонгуулиас сонгуулийн хооронд савладаг.Тиймээс нэг хүн гарч ирээд зөв гэснээ хийж хэрэгжүүлдэг ч дараагийнх нь нураадаг байдлаар манай улс сүүлийн 25 гаруй жил явчихсан юм билээ.
-Том том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёстой гэдэг ч төсөв хөрөнгөтэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл эхлүүлж чадаагүй л байна. Ирэх онд хийж, хэрэгжүүлэх боломж, бололцоо байна уу?
-Ирэх онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон нэг ажлын эхний санхүүжилтийг 2018 оны төсөвт тусгасан нь бас нэг онцлог.Тодруулбал, их эзэн Чингис хааны аялал, жуулчлалын үндэсний хүрээлэнг төрсөн нутагт нь бий болгохоор төлөвлөсөн.Үүний эхний санхүүжилтийг тусгасан нь том ажлын эхлэл.
Яагаад гэвэл, Казахстан, Өвөрмонгол Чингис хааны судалгааны хүрээлэнг олноор байгуулсан байдаг. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ асуудлаар хуралдаж үндэсний өв соёлын түүхэнд аюул учирч байна гэж үзсэн.
Чингис гэдэг зочид буудал, онгоцны буудалтай.Энэ нэрээр бонд авдаг хэрнээ төрсөн нутаг нь тодорхойгүй байдаг.Хэзээ нэг өдөр аль нэг улс орон Чингис хаан манай улсад төрсөн гэж дэлхий нийтэд зарлавал яах юм.Энэ мэт эрсдэлтэй асуудлыг Засгийн газар тооцоолж, Азийн хөгжлийн банкнаас зураг төсөл, бүтээн байгуулалтын суурийг тавих эхний санхүүжилтийг олгож байгаа.Аялал, жуулчлалын салбарт анх удаа төрөөс хийж буй томоохон хэмжээний хөрөнгө оруулалт юм.Нөгөө талаараа тэргүүлэх салбараа гаргаж ирэх гэсэн нэг оролдлого.
-Өрийн хэмжээг ирэх онд нэмэгдүүлж 24.3 их наяд төгрөгт хүргэсэн нь дараа дараагийн жилд мөн адил нэмэгдэх суурийг тавьж байна гэж зарим гишүүн шүүмжилсэн.
Өрийг өрөөр дарахаас өөр боломж байхгүй юу?-Өрийг өрөөр дарах нь зөв аргачлал биш. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлаар бол өрийг өрөөр буюу хүү багатай бонд босгож дарахаас өөр аргагүй.Дотоодын эх үүсвэрээр өрийг дарах нэг хувилбар байдаг.Тодруулбал, Монголд байгаа бүх валютыг цуглуулж банкинд байгаа бүх ам.долларыг татаад өрөө төлнө гэсэн үг.Энэ тохиолдолд валютын ханш дөрөв, тав дахин өсөх учраас ийм байдлаар төлөх боломжгүй.
-Манай улсын эдийн засаг сайжирч байна гэдэг боловч иргэдэд төдийлөн нөлөөлөхгүй, мэдрэгдэхгүй байна?
-Улс орон гэдэг нэг айл өрх гэсэн үг. Ер нь манай улс өдрөөс өдөрт зөв чиглэл рүү явж байна. Эдийн засаг нь эргэлттэй, бизнес нь зогсонги байдалд ороогүй нөхцөлд зээл аваад байж болно. Монгол Улсын орлого олдог нүүрс, зэс зэрэг эрдэс баялгийн үнэ ханш өнгөрсөн хоёр жилийг бодвол өндөр байна.
Мөн хөдөө аж ахуйн болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт өнгөрсөн дөрвөн жилд ажиглагдаагүй, мэдэгдэхүйц сэргэлт гарч байна.Тиймээс цаашид макро төвшин буюу том мөнгөний эргэлт орж ирвэл тэр нь хувь хүний амьдралд нөлөөлөх байдал руу орно.Тиймээс өнгөрсөн дөрвөн жилтэй харьцуулбал, 2019 он эдийн засгийн хувьд мэдэгдэхүйц гэрэл гэгээтэй жил байх болов уу гэж төсөөлж байна.
Сэтгүүлч С.Юмсүрэн
ШИНЭ МЭДЭЭ
Онцгой байдал зарлах ёстой юу?
2017.12.29