Л.Оюун-Эрдэнэ: Нэгэнт шийдсэн юм бол Засгийн газрыг дэмжсэн шиг дэмжээд ажиллуулмаар байна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-МАН-ын бүлэг өчигдөр өглөө хуралдахдаа ямар асуудал хэлэлцэв. Сангийн сайдад тавьсан Ерөнхийлөгчийн хоригт танай намынхан байр сууриа нэгтгэж чадахгүй байна уу. Мөн хоёр талцаж хуралддагаа хэзээ болих вэ?
-Нэгдүгээрт, хоёр талцаад 32, 33-аараа хуралдаад байгаа асуудал байхгүй. Миний баттай мэдэж буйгаар 33-ын бүлэг хуралдаагүй байна. Миний хувьд бүлгийн хурал дээр зарчмын байр сууриа илэрхийлсэн. Одоо бол Засгийн газар, УИХ гэж хуваагдаж болно. Шинэ засаг бүрдээд ажлаа хийж эхлэх хугацаа болсон. Тиймээс УИХ шахаж шаардах эрхтэй.
Сайд болсон гишүүд өнөөдөр улс төр хийх хэрэггүй, ажлаа л хийг. Кабинетын зарчмаар асуудалд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Ингэж чадахгүй бол сайд болсны хэрэг юу байгаа юм бэ. Хэн ч тэднийг сайдаар ажиллаач гэж гуйгаагүй. Өөрсдөө л сайд хийж чадна, ажиллая гээд ажиллаж байгаа.
Тиймээс өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газар нийтлэг эрх ашгаа хараад ажлаа хийх хэрэгтэй. Засгийн газар нэгдмэл байр суурьтай байж чадвал Ерөнхийлөгчийн хоригт асуудал үүсэхгүй гэж харж байгаа. Яахав хориг дээр нэг зүйлийг хөндөж тавьмаар байна. Юу вэ гэвэл нөгөө л бидний ярьдаг тогтолцооны асуудал. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд анх удаа нэг сайдад хориг тавьсан асуудал үүслээ. Үүнийг хэрэв хүлээгээд авчих юм бол бүр эвгүй нөхцөл байдал үүсэх гээд байгаа юм. Хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг хувийн саналаар дэмжинэ.
Тэгэхээр 60 гишүүнтэй хуралдлаа гэхэд 20 нь дэмжээд кноп дарчихвал УИХ-ын олонхоороо шийддэг нөхцөл байдал байхгүй болно. Дараа нь дахиад төсөв дээр хэсэгчлэн хориг тавьчихбал 20 гишүүн хүлээгээд авчих магадлалтай.
Цаашлаад Ерөнхий сайдад хориг тавиад эхэлж магадгүй. Ингээд явсаар нийт кабинетын 70 хувьд хориг тавьчихбал яах вэ. Энэ бүхэн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлээд УИХ-д танилцуулна гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. Тэгэхээр уг асуудалд бодолтой хандахгүй бол цаашлаад эвгүй нөхцөл үүсгэх боломж бүрдэнэ. Ер нь манайхны гол алдаа бол бид үеийн үед хоёр Ерөнхий сайдтай явж ирсэн. Нэгийг нь парламентаас сонгож байгаа. Нөгөөдөх нь ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нэртэй Ерөнхий сайд.
Уг асуудлыг одоо шийдэх цаг болсон. Нэг бол бид Ерөнхийлөгчийн засаглалтай болж шуударъя. Ер нь аль нэг сонгодог хувилбар руу оръё. Тэгэхгүй бол засаглалын хямрал яваад байна. Ерөнхийлөгчид төсөв байдаггүй. Тиймээс аргаа барахдаа Засгийн газарт чиглэл өгч байна. Тэр чиглэлийг Засгийн газар дагахгүй бол Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд ямар нэг байдлаар бойкот хийж эхэлдэг. Бодоод үз л дээ.
Яагаад Ерөнхийлөгч бүр Ерөнхий сайдтайгаа муудалцдаг юм. Яагаад Ерөнхийлөгч гарч ирсэн намтайгаа эргээд муудалцдаг юм бэ. Энэ бүх зүйл хувь хүнтэй ямар ч холбоогүй. Ерөөсөө л тогтолцоо буруу байгаагаас ийм зүйл болоод байгаа юм.
-Уг нь танай нам 65-уулаа УИХ-д сууж байна. Тогтолцоог өөрчлөх боломж танайд бий. Гэтэл юун тогтолцоо өөрчлөхтэй манатай байгаа юм биш үү. Жишээлбэл өнөө өглөө (өчигдөр) танай бүлгээс хоригийн тал дээр ямар шийдвэр гарсан бэ?
-Хоригийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гарсан. Харин бүлгийн шийдвэр хэрхэн хэрэгжих вэ гэдгийг УИХ-ын чуулганаас л харна. Чуулган яаж шийдэхийг хэн ч урьдчилж мэдэхгүй.
-Хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан юм бол яагаад Төсвийн байнгын хороогоо хуралдуулахгүй байгаа юм бэ. 32-ынхон байнгын хорооны хуралдаа орж ирэхгүй таван цаг хүлээлгэлээ. Ингэж дотоод асуудлаасаа болж улс орны ажлыг хойш татаж болж байгаа юм уу?
-Төсвийн байнгын хорооны мэдээллийг би тодорхой мэдэхгүй байна.
-Ер нь төсвийг энэ сарын 15 гэхэд баталсан байх ёстой. Зарим гишүүн хориг хүлээж авна гээд бойкотлоод байгаа юм биш үү?
-УИХ-ын гишүүд чуулган, эсхүл байнгын хорооны хуралд орохгүй байдлаар бойкот хийж болохгүй. Яагаад гэхээр 76-хан УИХ-ын гишүүн ажиллаж байна. Байнгын хороон дээр л гэхэд наймхан хүн хуралдаа орж ирэхгүй бол ирц хүрдэггүй. Тэр хуралд ороод эсрэг санал өгөх үү, дэмжих үү гэдэг хувь гишүүний бүрэн эрхийн асуудал. Харин хуралд орохгүй байна гэдэг хууль зөрчиж буй асуудал болчихож байгаа юм. Хэрэв тийм гишүүн байгаа бол нэрийг нь зарла.
-Хаврын чуулган хаалтаа хийснээс хойш МАН-ынхан ер нь ажил хийв үү. Танай намын гишүүд ажлаа хийж байгаа юм уу?
-УИХ болон Засгийн газрын гишүүд ажлаа хийгээд явж байгаа. Ажил хийж байгаа эсэхэд ард түмэн тэртээ тэргүй дүнгээ тавина. 2020 онд багцаар нь дүгнэх байх. Тэрний төлөө бүгд ажиллаж байна.
Энэ Засгийн газар ч гэсэн өмнөхөөсөө илүү сайн ажиллах байх гэдэгт итгэлтэй байгаа. Хууль хяналтын байгууллагад тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарч эхэлж байгаад би хувьдаа баяртай байна. Өөрөөр хэлбэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хийж буй өөрчлөлтийг зөв гэж харсан. Одоо үүнийгээ цааш лавшруулаад ажиллах хэрэгтэй. Хөгжлийн банк, Эрдэнэтийн асуудлыг яримаар байна. Удахгүй ирэх жилийн төсвийг хэлэлцэнэ. Нэлээн гэрэл гэгээтэй төсөв болох болов уу. Яагаад гэхээр ОУВС-д ороод тодорхой хэмжээнд эдийн засгийг сэргээхээр чиглүүллээ. Одоо бол улс орны хөгжил рүү хандсан зүйлийг хийх ёстой. Тэгэхээр төсөв дээр бойкот байдлаар хандаж болохгүй.
-Та бүхэн намаа бодсондоо бүлгээ хуваагдаагүй гэж хэлж байгаа байх. Гэхдээ бодит байдал дээр хоёр нам болж хуваагдах хэмжээнд очсон байгаа нь үнэн үү. Хэт олуулаа болсны зовлонг танай нам амсаад байна уу?
-Миний хувьд нэг л зарчмын байр суурь баримталж байгаа. УИХ, Засгийн газар гэдэг тусдаа бүтэц. Нэгэнт шийдээд Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжсэн юм бол дэмжсэн шиг дэмж. Адаглаад 100 хоносны дараа хариуцлагын асуудал ярь л даа. УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдахгүй байвал хуралдаа орж ирэхгүй гишүүдийг нийгэмд зарлах ёстой.
Хэн, хэн гэж гишүүн яагаад, ямар шалтгааны улмаас хуралдаа орж ирэхгүй байгаа юм бэ. Энийг та очиж асуу. Тэдэнд байнгын хорооны хурлыг бойкотлох эрх байхгүй. Үндсэн хуульд монгол төрийн ажил тасралтгүй явагдана гээд заачихсан байдаг. Хэрвээ УИХ болон байнгын хороон дээр үүсээд буй асуудлыг зохицуулж чадахгүй бол УИХ-ын дарга огцрох ёстой. Хэн нэгэн субьект хариуцлага хүлээх нь зөв биз дээ. УИХ-ын дарга тэрийг зохицуулж гишүүдэд арга хэмжээ авч болно.
Нэрийг нь зарлаж болно. Ийм байдлаар хандаад цааш явах хэрэгтэй. Хэрэв хоригийн асуудлыг яаралтай шийдэж чадахгүй бол би улс төрийн дараагийн үйлдэл рүү орно.
-Ямар үйлдэл байх вэ?
-Тэр хуралдаа орж ирдэггүй гишүүдийн нэрийг зарлана. Бүр болохгүй бол УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудал хөндөнө.
-Нэг үгээр хэлбэл УИХ-ын дарга муу ажиллаж байна гэсэн үг үү?
-Төсвөө баталж чадахгүй бол УИХ тарна. Энийг чинь ажлаа сайн хийж байна гэж үзэж болохгүй биз дээ. Засгийн газар төсвөө өргөн барьчихсан байгаа. УИХ үүнийг баталж өгөх үүрэгтэй. Хуралдах ёстой хурал нь хугацаандаа явахгүй бол яах ёстой вэ. Тарахаас өөр аргагүй.