Л.Оюун-Эрдэнэ: Өвчний эх үндсийг олж эмчлэх хэрэгтэй
2017.11.01
Хууль, эрх зүй

Л.Оюун-Эрдэнэ: Өвчний эх үндсийг олж эмчлэх хэрэгтэй

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах;” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

УИХ-ын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж, гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ засаглалын хямралыг үндсээр нь шийдэх хэрэгтэй гэдгийг сануулан үг хэлсэн юм.

Тэрээр олон ЯАГААД асуултын хариулт ҮНДСЭН ХУУЛЬТАЙ шууд холбоотой хэмээн тайлбарласан юм.

Яагаад Засгийн газрын дундаж нас 1,5 жил байгаа юм? Яагаад бүх л үед Ерөнхий сайд, Ерөнхийлөгч 2 үргэлж муудалцаж байдаг юм? Яагаад олонхи болсон нам 3-4 жилийн дараа ард түмний дайсан болчихдог юм? Энэ бүх зүйлийн хариулт Үндсэн хуультай холбоотой.

Нэг намын тогтолцоог шүтэж байсан ЗХУ задран унасан дараа Үндсэн хуулийг боловсруулж баталсан.

Тухайн үеийн Ардын Их хурлын төлөөлөгчид мань “Эрх чөлөөг мэдрэх ёстой, хэн нэгэн дарангуйлагч гарч ирж болохгүй. Тийм учраас 3 хуваагддаг засаглал 4 баайх ёстой. Ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч байх ёстой” гэдэг чиг рүү явсан юм байна лээ.

Тэр үед маш олон гадны эрдэмтэд "Ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй болчих юм бол Танай улс хоёр Ерөнхий сайдтай болно шүү гэж" хэмээн зөвлөж байсан гэдэг.

ОДОО БИД СОНГОГДОГ УТГААР НЬ ЗАСАГЛАЛАА ХУВИАРЛАХ ХЭРЭГТЭЙ. НЭГ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСВЭЛ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.

Ингэхгүй бол одоо 2 Ерөнхий сайдтай,   УИХ-ын дарга нь намын дарга болоод бүүр 3 Ерөнхий сайдтай болчихсон. Ийм байдлаар цаашид явахгүй ээ.

Энэ байдал нь нийгмийнхээ хурдыг гүйцэхгүй байна. Тэгэхээр бид тохиолдолд бүр дээр УИХ-ын Байнгын хороо, Чуулган хуралддаг бэлгэдлийн байдалтай яваад байна. Энэ байдлыг одоо ч өөрчлөхгүй бол энэ байдал цаашид явсаар байна, өөрчлөхөд оройтох вий..Өвчний эх үндсийг олж эмчлэхгүй бол ханиад бүр дээр нь тухайн үед нь эмчлээд яваад байна

 М.Наран

ШИНЭ МЭДЭЭ