Байнгын хорооны ажлын хэсэг хуралдав
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06 тоот тогтоолоор байгуулагдсан “Монголын нууц товчоон”-д дурдагдсан түүхийн дурсгалт газрууд, Монгол Их, бага хаадын төрсөн газруудыг тогтоон нэгдсэн ойлголтод хүрч гадаад улсад сурталчлах зорилгоор санал, дүгнэлт гарган Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2017.10.31)хуралдав.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуралдааныг даргалж “Монголын эзэнт гүрний үеийн түүхэн дурсгалт газруудыг тогтоох, баталгаажуулах судалгаа -2017-2018 он” төслийн талаар танилцуулга хийсэн.
Энэхүү төсөл нь шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдын олон жилийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан “Монголын нууц товчоон” ба бусад эх сурвалжид бичигдсэн Чингис хаан болон Монголын эзэнт гүрний үеийн зарим томоохон түүхэн үйл явдал болж өнгөрсөн дурсгалт газруудыг тогтоох, эрдэмтэн судлаачаар хэлэлцүүлэх, баталгаажуулах, улмаар аялал жуулчлалын салбарт ашиглах шинэ бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ бий болгох үндсэн зорилготой гэдгийг тэрбээр дурьдлаа.
Дээрх судалгааны ажлыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн хариуцаж, бусад холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөөллийг хамруулан зохион байгуулж байгаа аж.
Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсны дараа өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.