2017.10.18
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Л.Оюун-Эрдэнэ: Гадныхан их эзэн Чингис хаан өвөрмонголд төрсөн гэдэг ойлголт руу орж эхэлж байна

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.

БОАЖ-ын сайдад Н.Цэрэнбатыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санал хэллээ.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТҮҮХ БИДЭНД БАЙГАА БҮХ ЗҮЙЛИЙГ ӨГСӨН. ОДОО ТҮҮХЭНДЭЭ БУЦААГААД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ЦАГ ИРЛЭЭ

Аялал жуулчлалыг дэмжиж, парламентын бүлэг байгуулж, өмнөх сайдтай идэвхтэй нягт хамтарч ажилласанд нь талархал илэрхийлье.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байдаг түүхэн аялал жуулчлалын холбоотой асуудлыг нэг жилийн хугацаанд дэвшүүлэн тавьж, ярилцаж явж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нилээдгүй том үр дүн гарсан. Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Монгол Улсын хувьд маш том хэмжээний аялал жуулчлалын нөөц байгаа гэж үзэж байна. Харамсалтай нь Монгол Улсын төр засаг өнөөдрийг хүртэл энэ тал дээр дорвитой өөрчлөлт хийж  чадахгүй байсаар ирсэн нь үнэн.

Бид Чингис хаан гэдэг зочид буудалтай, нисэх онгоцны буудалтай, хурлын танхимтай мөртлөө төрсөн нутаг нь GPS дээр тэмдэглэгдээгүй байна.

Дадал суманд очихоор Баян-Овоо гэдэг тэмдэглэгээ гардаг. Энэ талаар бид ярилцаж, 2017 оны 3 сарын 26-ны өдөр анх удаа БОАЖ-ын сайд, Зам тээврийн сайд, Батлан хамгаалахын сайдтай айлчлал хийж байсан. Энэ бэлэн болж байгаа төслийг үлдсэн хугацаандаа  эхлүүлж өгөөч ээ гэж Н.Цэрэнбат гишүүнээс хүсч байна.

Би Ерөнхий сайдад бас энэ асуудлаа дэвшүүлэн тавина гэж төлөвлөж байна. Түүх бол бидэнд байгаа бүх зүйлийг өгсөн. Тийм болохоор бид түүхэндээ буцаагаад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

Энэ бол нэг бүс нутгийн эсвэл нэг тойргийн асуудал биш.

Эн боломжийг маш овжин харсан учраас өнөөдөр Ордос жил бүхэн 10 гаруй сая жуулчин татдаг том Чингис хааны онгон тахидаг цогцолбор баригдсан. Манжуур, Казакстанд бас байгаа. Одоо яваандаа гадныхан их эзэн Чингис хаан өвөрмонголд төрсөн гэдэг ойлголт руу орж, Wikipedia-гаас эхлүүлээд мэдээллийн сайтуудаар бичигдэж эхэлсэн. Үүнийг бид АББХ-нд татаж авч үзсэн. ЗТЯ, БСШУЯ, БОАЖЯ хамтраад энэ төслийг эхлүүлж өгөөч гэж хүсч байна.

Энэ төлсийг аваад, цааш нь үргэлжлүүлэх тал дээр бодлогын дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллаасай гэж хүсч байна. Дэлхийн аялал жуулчлалыг хөгжүүлдэг зүйл бол түүх, соёл, байгаль байдаг. Монголчууд бидний хувьд 13-р зууныхаа түүхийг барьж авахаас өөр сонголт байхгүй.

ШИНЭ МЭДЭЭ