МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Шинэ хөдөө” төслийг дэмжиж ажиллана
2017.10.05
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Шинэ хөдөө” төслийг дэмжиж ажиллана

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулах газрын дарга Д.Эрдэнэбаяр, Судалгаа шинжилгээний албаны дарга А.Мөнхболд нар “Шинэ хөдөө” төслийн хүрээнд  ХАА-н салбарын мэргэжлийн холбоодын  удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

ХАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хүн амыг ажилтай, орлоготой болгох, эдийн засгийг эрчимжүүлэх, хөдөөд томоохон шинэчлэл хийх тус төслийг Ерөнхий сайдын дэргэд нэгж байгуулан Үндэсний хөгжлийн газрын харьяан дор хэрэгжүүлэх нь зөв юм. Тус төсөл нь зөвхөн ЖДҮ гэлтгүй бүтэн кластер байдлаар үндэсний бодлого хөтөлбөр болгон хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ онцолсон юм.

Үндэсний хөгжлийн газрын удирдлагуудын хувьд Монгол улсын хөгжлийн гол гарцыг судалгааны түвшинд тодорхойлохдоо нэгд үндэсний томоохон аж үйлдвэрийг дэмжих,  хоёрт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд түшиглэсэн жижиг дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байж хөгжинө.

Бид Монгол улсын хөгжлийн хэтийн зорилгын хүрээнд олон талт суурь судалгаа  хийсэн. Гадны улс орнуудын туршлага, хөтөлбөрүүдийг ч судалсны үндсэн дээр ийм гаргалгааг гаргачихсан байсан. Яг энэ цаг үед  Ж.Бат-Эрдэнэ гишүүний “Шинэ хөдөө” төсөл нь бидний хийсэн судалгаа, хэтийн төлөвтэй нийцэж байгаа тул бид дэмжиж хамтран ажиллахаар ярилцаад байна. Бидэнд боломж бололцоо нь бүгд байгаа гэдгээ энэ үеэр хэлсэн.

 Мэргэжлийн холбоодын удирдлагуудын хувьд Шинэ хөдөө төсөл нь цагаа олсон зөв санаачилга болсон. Төслийн хүрээнд гишүүний хийж буй ажил, санаачилга, цуврал нэвтрүүлгийг хараад уулзаж саналаа хэлэх, хамтран оролцох хүсэл их байсан. Өнөөдөр хүлээн авч уулзаж байгаад их баяртай байна. Төслийг хэрэгжүүлэхдээ ХАА-н үйлдвэрлэлийг цогцоор нь харах нь зөв юм. Хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хугацаанд үргэлжлэх гэдэгт анхаараарай. Энэ чиглэлээр олон төсөл ярьдаг ч хэрэгжих нь бага.

Хэрэгжүүлэхэд маш их хичээл зүтгэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатай тул зориглож орох хүн ховор. Хэрвээ цогцоор нь хэрэгжүүлэх зорилго биелэгдэхгүй бол хоёр жилийн настай болчих магадлал бий гэдгийг ч сануулж байлаа. Мэргэжлийн холбоодын хувьд төслийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр саналаа солилцож, дэмжин ажиллахаа илэрхийлсэн бол зарим нэг нь төслийг дэмжүүлэхийн төлөө хамтран ажиллаж өөрсдийн зүгээс хийж болох бүхий л зүйлийг хийнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн тэд үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд импортын хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр хязгаарлах, татвараас чөлөөлөгддөг хууль бусаар орж ирдэг бараанд хяналтаа чангаруулж татварын хуулиа сайжруулах, сургууль цэцэрлэг, эмнэлэг, хууль хяналтынхан цэрэг дотоодын байгууллагуудыг стандартын дагуу, үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдэг журам гаргах зэргээр бодлогын түвшинд  хэдэн асуудал шийдэхэд үндэсний үйлдвэрүүд нэлээд сэргэлт авна. Энэ асуудал дээр эрхэм гишүүн анхаарч, төсөлдөө суулгаж өгөөрэй гэдэг захиас даалгаврыг өгч байлаа. 

Уулзалтанд Монголын хүнсчдийн холбоо, Монголын Органик ногоон хүнсний холбоо, Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Сүүний нэгдсэн холбоо, Сүү судлал ШУ-ны холбоо, Залуу фермерүүдийн холбоо, Хүнсний ногоочдын холбоо,  Махны холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Шувуучдын холбоо,  Монголын зөгийчдийн нийгэмлэг, Гахайн аж ахуй эрхлэгчдийн холбоо, Мах боловсруулах үйлдвэрлэл, Хувийн мал эмнэлэгүүдийн хоршоо, Монголын логистикийн холбооны удирдлагууд оролцлоо. 

ШИНЭ МЭДЭЭ