Хэнтий аймгийн шилдэг 2 оюутан тус бүр сая төгрөгийн тэтгэлэг авах боломжтой
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ залуу гишүүний хувьд оюутан залуусыг маш ихээр дэмжиж ажилладаг.
Тэрээр энэ удаад УИХ-ын 41 дүгээр тойрогт харьяалагдах Хэнтий аймгийн Батнороов, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Бэрх, Галшар, Дадал, Норовпил сумаас суралцдаг бакалаврын зэрэг горилогч оюутнуудын дунд тэтгэлэт хөтөлбөр зарлажээ. Уг хөтөлбөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар ЭРГЭХ ХОЛБОО төрийн бус байгууллага, “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.
Уг хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулбал:
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй боловч санхүүгийн бэрхшээлийн улмаас суралцахад хүндрэлтэй байгаа орон нутгийн оюутнуудыг урамшуулах, тэдний сурах хүсэл тэмүүллийг нь дэмжиж, нийгмийн амьдралын идэвх оролцоог нэмэгдүүлэх.
Хөтөлбөрт хамруулах шалгуур:
-Дотоодын их, дээд сургуульд УИХ-ын 41 дүгээр тойрогт харьяалагдах /Хэнтий аймгийн Батноров, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Бэрх, Галшар, Дадал, Норовпил сум/ сумаас суралцдаг, бакалаврын зэрэг горилогч, өдрийн ангийн оюутан байх.
-Суралцах хүсэл тэмүүлэлтэй хэдий ч сургалтын төлбөр төлөхөд ар гэрийн хувьд хүндрэл учирсан.
-Сурлагын голч дүн 2,8 ба түүнээс дээш байх
-Нэгдүгээр курсын оюутан бол бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн 80% (В) ба түүнээс дээш байх
-Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх
-Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:
-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хамтран орон нутгаасаа тусгай жижиг хэмжээний төсөл боловсруулан хэрэгжүүлнэ
-Материал ирүүлсэн бүх оролцогчдын дунд хувь хүний хөгжлийн сургалт, нэмэлт хөтөлбөрүүдийг зохион байгуулахад идэвхитэй оролцох
Бүрдүүлэх материал:
-Өргөдлийн маягт (маягтыг “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн байрнаас ирж авах, www.oyunerdene.mn сайтнаас татаж авах)
-”Миний алсын хараа” гэсэн сэдвээр 300-500 үгтэй эссэ бичиж хавсаргах (Times New Roman 11 фонтоор, мөр хоорондын зай 1.5-аар бичнэ.)
-Суралцсан нийт хугацааны албан ёсны баталгаажсан дүнгийн хуулбар /2-с дээш курст хамаарна./ 1-р курсын оюутан бол бүрэн дунд болосвролын гэрчилгээний хуулбар
-Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харъяа сумын багийн Засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодорхойлолт)
-Нийгмийн идэвх оролцоог үнэлсэн тодорхойлолтууд (сертификат, батламжийн хуулбар)
-Нэг хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар
Шалгаруулалт:
Урьдчилсан шалгаруулалтыг эссэ бичлэг, бүрдүүлсэн материалыг үндэслэн дээр дурдсан шалгуурын дагуу явуулна. Шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урьж, ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийж сум бүрээс шилдэг 2 оюутанд тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэг олгогдоно. Шалгаруулалтыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний ажлын алба “Эргэх Холбоо” ТББ болон “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн ажилтнуудаас бүрдсэн комисс зохион байгуулна.
Сонирхсон оюутнууд өргөдлийн материалыг монгол хэл дээр бүрэн гүйцэд бүрдүүлэн 2017 оны 10-р сарын 6-ны өдрийн 17:00 цагаас өмнө хүргүүлэх ёстой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7014-7222