Хуулийн толь - Үндэсний төлбөрийн системийн тухай хууль
УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 73,5 хувийн саналаар баталлаа.
Хуулийн төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр танилцуулгатай холбогдуулан гишүүдээс санл, асуулт гараагүй тул Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын гурван санал, найруулгын шинжтэй хоёр саналын томъёолол бэлтгэн санал хурааглаж шийдвэрлүүлсэн байна.
Энэ хуулийн 14.3-т заасан бүрэлдэхүүнд оролцогчийн төлөөллийг оруулж болох бөгөөд Монголбанк санхүүгийн байгууллагын хянан зохицуулах чиглэл, үүрэг бүхий байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оруулсан байна гэсэн саналыг 61,2 хувиар дэмжлээ.
Төслийн 23.1 дэх хэсгийн Монголбанкнаас тогтоож болно гэснийг Монголбанкнаас тогтооно гэж өөрчлөх санал 65,3 хувиар дэмжлээ.
Төслийн 2.8-р зүйлийн 2 дахь хэсгийг Төгрөгийг орлох төлбөрийн бусад хэрэгслийг Монголбанкны зөвшөөрлөөр төлбөр тооцоонд хэрэглэнэ болгож өөрчлөх саналыг 75.5 хувиар дэмжлээ
Ингээд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73,5 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.
Засгийн газар тус хуулийг санаачла, УИХ-ын Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан ажилласан уг хууль батлагдсанаар бэлэн мөнгө, төлбөрийн баримтаас гадна цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлон төлбөр тооцоонд хэрэглэх зөвшөөрлийг Монголбанкнаас олгох, хил дамнасан төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, хөдөлгөөнт банкны үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөхийн зэрэгцээ зах зээлд нэвтэрч байгаа төлбөрийн үйлчилгээ, түүний хэлбэрүүдийн хөгжлийг дэмжих боломж бүрдэж байгаа юм.