2017.04.20
Эдийн засаг, Худалдаа

Д.Сумъяабазар: Эхлээд зах зээлээ хөгжүүлэх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Хөрөнгө оруулалтын банк орж ирэхэд Монголын зах зээл бэлэн биш байгаа шүүмжилж тус хуулийн зохицуулалтыг маш сайн хийхийг ажлын хэсэгт анхаарууллаа.

УИХ-ын Д.Сумъяабазар:

Хөрөнгө оруулалтын банк гэж юу вэ? Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа нь зах зээл дээр 2 үндсэн нөхцөл байдал дээр тулгуурладаг. Хувьцаа хөрөнгийн зах зээл ба зээлийн хөрөнгийн зах зээл. Монгол Улсад энэ 2 зах зээл огт хөгжөөгүй. 

Хөрөнгийн биржийн бодит үйл ажиллагааг хар. Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг хар. Энэ хуулийг оруулж ирэх гэж байгаа бол нилээн сайн ажиллаад саяны 2 зах зээл дээр ажиллах суурийг тавьж өгөх хэрэгтэй.

Хөрөнгийн тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зэрэг ерөнхий том хуулиудтайгаа уялдуулж энэ хуулийг оруулах хэрэгтэй.

Би огт эсэргүүцээгүй. Гэхдээ энэ хууль зөв яваасай л гэж бодож байна. Хөрөнгө оруулалтын тухай хууль баталснаар Монгол Улсад ямар эерэг нөлөө үзүүлсэн бэ? Хөрөнгө оруулалтын сан байгуулагдсанаар гадаадын хичнээн сан байгуулагдсан бэ? Одоогоор байхгүй байна. Хууль баталснаар гадны хөрөнгө оруулалт шууд орж ирээд, үйл ажиллагаагаа явуулна гэсэн ойлголттой байж болохгүй. Тиймээс доторхи зохицуулалтыг маш сайн харах ёстой.

Болгоомжилж байгаа гишүүдийг ойлгож байна. Гэхдээ хичнээн жил болгоомжилж явах вэ? Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүйгээр урагшаа явахгүй. Хэдэн жил зээлийн систем дээр явах вэ? Том, жижиггүй бүгд зээлэнд хүлэгдэж амьдарч байна.

Ирээдүйд үнэ цэнэ авч ирэх төсөл рүү л хөрөнгө санхүүжилт хийж байж тодорхой хугацааны дараа үр ашиг нь өндөр болж, хувьцаа арилжааны үнэ өссөн цагт зарж болно. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 

Маш зөв санал хэллээ. Энэ хуулиар банкны системээр зохицуулагдах асуудлууд руу анхаарахаас гадна банкны өөрийнх нь гол концепц болох хөрөнгийн зах зээл дээр ажиллах статусыг Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулах хэрэгтэй.

Энэ хуулиар орж ирсэн инстуц нь өөрөө нийтлэг үйлчилгээний том зах дээр ч  ажилладаг, хөрөнгийн зах дээрээ ч ажилладаг байх хэрэгтэй. Хуулийг сайжруулах явцдаа ажлын хэсэг анхаараарай.

ШИНЭ МЭДЭЭ