2017.04.20
Эдийн засаг, Худалдаа

Л.Мөнхбаатар: Хэтэрхий нээлттэй болгосон байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн заалтыг засч сайжруулах тал дээр санал хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын хуулийг заавал бие даасан хууль байх шаардлага байгаа эсэх дээр эргэлзэж байна. Давхардуулан заахгүй гээд бие даасан хуульд тавигдах шаардлага буюу 23-р зүйлд тодорхой заалтууд бий. Банкны хуультай харьцуулахаар 80 орчим хувь нь давхардсан шинжтэй байна.

Мэдээж эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай боловч банкны тухай хуульд нэмэлт оруулах маягаар явуулах саналтай байна.

Хоёрдугаарт, энэ хуулийн 6.1.6-д Монголбанкнаас хүлээн зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил үйлчилгээг Хөрөнгө оруулалтын банк явуулж болно гэж заасан нь бүр нээлттэй  болгосон юм биш үү? Хязгаарласан биш нилээн задгай тавьсан нь ажиглагдаж байна.

Гуравдугаарт, хуулийн үзэл баримтлалыг уншихаар гадаадын хөрөнгө оруулалттай банк гэсэн өгүүлбэр явж байна. Гэвч зохицуулалт нь гадаадынхаас гадна дотоодын үндэсний хөрөнгө оруулагч нар ч байж болохоор харагдаж байна. Үүнийгээ илүү оновчтой болгох хэрэгтэй байна. Монголд 1 жилийн хугацаанд төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулсан банкууд хөрөнгө оруулалтын банк байгуулж болох хуулийн заалттай юм байна. Одоо монголд яг хэдэн төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна вэ? Энэ хууль батлагдахад хэзээнээс холбогдох шаардлагуудаа хангаад хөрөнгө оруулалтын банкаар ажиллаж эхлэх боломжтой байна вэ?

 УИХ-ын гишүүн Б.Жавхлан:


Тусдаа хууль болгон оруулах шаардлага байгаа. Манайх хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн хуультай. Одоо хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гэж ярьж байна. Сангийн тухай хууль нь хөрөнгө оруулалтын хүмүүст, тэр багт зөвшөөрөл олгодог. Харин энэ банкны хууль нь орж ирж байгаа мөнгөнд зөвшөөрөл өгнө гэсэн үг. Үүнийг зохицуулах хууль зайлшгүй хэрэгтэй.Хуулинд засч янзлах, сайжруулах зүйлс байгаа. Үүнийг ажлын хэсгийн явцад нилээн ажиллана. Таны хэлсэн санаануудыг хүлээж авлаа.

Арилжааны банкны хууль нь төв банкны шууд хяналтанд байдаг дотоодын банкнуудын үйл ажиллагааг зохицуулдаг.

Гадаадын хөрөнгө оруулагч нар монголыг сонирхдог цаг ирнэ. Тэр үед нь боломжуудыг олгоод, хуулиар нь зохицуулсан эрхзүйн орчинг бүрдүүлэхчихсэн байвал бидэнд ашигтай.

2015 оны 12 сарын байдлаар гадаадын 5 банк төлөөлөгчийн газраар үйл ажиллагаагаа явуулж байсан. Түүнээс хойш эдгээр 5 банктай би нэг бүрчлэн уулзсан. Төлөөлөгчийн газраа банк болгох сонирхол байгаа юу гэж асуусан.

Монгол Улс 5, 6 жилийн өмнөх шиг эдийн засгийн сонирхол татахаа больсон байна. Шууд банк болж орж ирэх эрсдэлтэй учир харзнана гэсэн байр суурьтай байгаа.

Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах олон боломжуудын нэг л сувгийг бэлдэх зорилготой хуулийг л бэлдэх гэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ