Ө.Энхтүвшин: Оюутолгойн хөрөнгийг Монгол руу оруулж ирэх боломжтой юу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин заавал гадаадын банк оруулж ирэлгүйгээр төлөөлөгчийн газраар нь дамжуулж хэрэгцээгээ хангаж болох талаар асуулаа. Тэрээр:
Нэгдүгээрт,
Том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр Монголын жижиг дунд бизнест хэр нээлттэй байх вэ? Том банк, корпораци, группууд л их хамрагдаж байх юм.
Хоёрдугаарт,
Валютын ханшийн тогтвортой байдалд нөлөөлнө гэсэн дүгнэлт байна. Яг яаж нөлөөлөх вэ?
Гуравдугаарт,
Том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх учир том барьцаа л шаардагдах байх. Монгол Улсад байгаа юм нь ашигт малтмалын газрууд, лиценз зөвшөөрөл л барьцаанд тавигдана гэсэн дам яриа байна. Нэг мэдэхэд хамаг лиценз тавигдаад эргээд авж чадахгүй болох вий.
Дөрөвдүгээрт,
Оюутолгойн хөрөнгийг оруулж ирэхэд гадны банк хэрэгтэй гэсэн яриа байна. Хэрвээ гадны банк орж ирвэл оюутолгойн мөнгө тэр банкаар дамжаад Монгол руу орж ирэх үндэс байгаа юу? Монголын банкны төлбөр шуурхай гүйцэтгэх чадварт гадаадынхан итгэхгүй байгаа. Харин гадны банкад итгээд мөнгө орж ирэх магадлалтай гэж ажил хариуцсан хүмүүсээс сонссон. Энэ боломжтой юу? Бас банк байхгүй ч төлөөлөгчийн газар байхад том зээл өгдөг юм байна. Хятадын банкнаас авахуулаад жишээ байна. Заавал банкыг нь оруулахгүйгээр зохицуулж болохгүй юу?
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
Манай банкуудын хүчин чадал нь 100 тэрбумаас давдаггүй. Энэ хууль нь төсвийн хүрч чадахгүй байгаа тэр бүлэгт мөнгөний урсгалыг чиглүүлэх концепцтой хууль юм.
Гадаадын хөрөнгө оруулалттай банкууд жижиг дунд үйлдвэрлэлийн зах зээл рүү орвол давхцал үүсч, банкуудтай хүч тэнцвэргүй өрсөлдөөн үүснэ.Үүний оронд банкуудаараа дамжуулж гадны мөнгийг бөөний зах руу чиглүүлэх бодлого баримтлах ёстой.
Валютын ханшийг тодорхой түвшин зааж, түүнд тохирсон бодлого барих нь буруу. Валютын ханшийг тогтвортой байлгах нь л чухал. Үүний тул улс өөрөө өрсөлдөх чадвартай байх ёстой. Төв банкны валютын нөөц нь гадаад урсгалаас шууд хамааралтай. Гадны хөрөнгө оруулалтуудыг банкны системээр дамжуулж Монгол руу оруулж ирэх нь шууд болон шууд бус замаар төв банкны валютын нөөцөнд эерэг нөлөө үзүүлнэ.
Барьцааны асуудал үнэхээр санаа зовох асуудал мөн. Гэхдээ бид барьцаа хөрөнгөө бариад гадаадаас зээл авах уу? Эсвэл бидний хяналтанд байдаг дотоодын аж ахуйн нэгжээс хөрөнгөө босгох уу гэсэн 2 сонголт байна. Барьцаа хөрөнгөө бариад хэзээ нэг газар хэзээ нэг цагт мөнгө босгож л таарна.
Оюутолгой зэрэг мега төслүүдийн мөнгийг алдсан. 2000 оноос хойш 8 тэрбум доллараас давсан урсгал гадагшаа гарсан. Анх тэр гэрээг хийхдээ 2 болон 3А зэрэгтэй банкуудыг Монголын нутаг дэвсгэр дээр байгуулахыг зөвшөөрөөд, түүгээрээ мөнгөний урсгалаа явуулсан бол ийм байдалд хүрэхгүй. Ядаж Монголын 34%-тай тэнцэх мөнгөний урсгалыг манайхаар явуулж болдоггүй юм уу?
Тэдний шаардаж буй банкны түвшинийг оруулж ирээд, бидний хяналттай, манай мөнгөний орчинд орж ирэх банкуудаар явуулаад, тэр урсгалаас гардаг үр өгөөжийг Монголын эдийн засагт нэмэрлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
Гадаадын банк өөрөө байгуулагдаагүй байхад буюу төлөөлөгчийн газар байхдаа зээл өгөөд, хөтөлбөр хэрэгжүүлсэн жишээ байна. Эрхзүйн орчин байгаа болохоор болж байгаа. Энэ хууль гарсанаар үүнээс юугаараа илүү гарч, тодорхой болох юм бэ?
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
Том ялгаатай. Хэрэв манай салбарт нэгжээ нээвэл Монголын хууль эрхзүйн орчинд орж, татвараа төлж, боловсон хүчнүүдээ дотоодоос авна. Манай мөнгөний бодлогын орчинд орж ирнэ. Түүнээс биш төлөөлөгчийн газар нээж манай зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж байгаа бол манай мэдлээс гадуур л явж байна гэсэн үг. Салбар нэгж нээнэ гэдэг нь төв банкны удирддаг мөнгөний бодлогын орчинд орох юм.