МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.04.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Бид өнөөдөр 6 биш 60 их наяд төгрөгийн төсөв хэлэлцээд сууж байх боломж байсан

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаас гарахын тулд улс төр, эдийн засгийн хосолмол шинэчлэл хийх ёстой гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Бодит байдал л ийм байна шүү дээ. Гэхдээ долоон төрлийн татварыг нэмсний дараа эдийн засагт ямар эрсдэл гарах вэ гэдгийг тооцох нь зүйтэй. Миний харж байгаагаар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ, ажлын байр цөөрнө, төрийн өмчит аж үйлдвэрээс төвлөрөх нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэнэ.

Харин хувийн хэвшлээс төвлөрдөг байсан нийгмийн даатгалын шимтгэл буурах магадлалтай. Учир нь компаниуд ажилчдаа цомхотгох эсвэл цалингаас нь 10 хувийн шимтгэл авдаг хуучин хэлбэр рүү шилжиж магадгүй юм.

Өнөөдөр 6 их наядыг яаж хуваарилах, зарцуулах тухай ярьж байна л даа. Гэтэл 60 их наядын төсөвтэй байх боломжтой хугацааг бид алдлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засаг үндсэндээ дампуурч, мухардалд орсон.

Яагаад ийм болсныг өнөөдөр сайн ярих ёстой. Энэ мухардлаас яаж гарах тухай хэлэлцэх учиртай. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг чөлөөт нийгэмд шилжсэний үр дагавар гэж харж болно. Тиймээс улс төр, эдийн засгийн шинэчлэлийг хослуулж байж хүндрэлээс гарах ёстой."

ШИНЭ МЭДЭЭ