МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.02.08
Эдийн засаг, Худалдаа

Н.Учрал: Инновацийн тухай хуулийн хэрэгжилт жигд бус байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоот тогтоолоор байгуулсан УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулсан Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж тус байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс хоёрдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Гантулга, М.Билэгт, А.Ундраа, Б.Баттөмөр нар болон дэд хэсэгт УИХ-ын байнгын хорооны ажлын алба, УИХ-ын Тамгын газрын мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, БСШУСЯ болон холбогдох газруудын албан тушаалтан, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцон ажилласан юм.

Ажлын хэсгийн зүгээс Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт боловсруулах ажлыг үр дүнтэй явуулах зорилгоор гурван хэсэг байгуулж, нэгдүгээр хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал, хоёрдугаар хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраа, гуравдугаар хэсгийг УИХ-ын гишүүн Д.Гантулга, М.Билэгт нар хариуцан ажилласан.

Хөдөө аж ахуйн их сургууль, тус сургуулийн Инноваци, бизнес хөгжлийн төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн, ШУТИС, МУИС, АШУҮИС-иудын эрдэм шинжилгээний цөм лаборатори, ШУА-ийн Хими, технологийн хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн сан болон бусад хүрээлэнтэй хамтран ажиллаж, гарааны компаниудтай газар дээр нь танилцан, уулзалт-ярилцлага зохион байгууллаа.

Ажлын хэсгийн гишүүд хуулийн хэрэгжилттэй танилцах явцад дараах асуудалд анхаарах шаардлагатай байгааг ажлаа танилцуулсан байгууллага, гарааны компанийн төлөөлөл илэрхийлж байсан.

Тухайлбал, Хөдөө аж ахуйн их сургуулийн бүрэлдэхүүн таван сургууль, үндэсний эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэн, туршилт, үйлдвэрлэлийн 10 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа, байгуулагдсанаас хойш хөдөө аж ахуйн салбарын 28783 мэргэжилтнийг бэлтгэсэн байна.

Тус сургууль нь дэргэдээ Инноваци, бизнес хөгжлийн төвийг ажиллуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 500 инновацийн бүтээгдэхүүн гаргасан. Инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, туршилт, судалгаа хийхэд шаардлагатай лабораторийг нэмж байгуулан, инновацийн бүтээгдэхүүний судалгаа хийх сан бүрдүүлэх, эрдэмтэн, судлаач, багш нарын хийсэн судалгааны бүтээлд урамшуулал олгон ажиллаж байна.

Мөн Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, гарааны компаниудын үзэсгэлэнг зохион байгуулсан. Тус сангийн зүгээс эрдэмтэн, судлаачдын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, төслийн явцын болон үр дүнгийн хяналтыг сайжруулах, технологи дамжуулалтыг дэмжих, патент, биет бус хөрөнгийн үнэлгээ хийлгэх, дундын судалгааны лабораторийг хөгжүүлэх, үр дүн ач холбогдлыг чухалчилсан мониторинг хийх санал, санаачилгыг гаргасан.

УИХ-аас байгуулсан ажлын хэсэг Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаад хуулийн хэрэгжилт жигд бус байна гэж дүгнэсэн. Ингээд санал, дүгнэлтээ танилцуулж байна. Үүнд,

- Хуулийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай Инновацийн сан байгуулах

Инновацийн хөгжлийн үндэс болсон төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах

- Төрөөс инновацийг дэмжих бодлого баримталж, цаашдын хөгжлийн асуудлыг тодорхойлон зааж өгөх

- Өнгөрсөн жилүүдэд яамдын дэргэд байж төрийн дэмжлэгээр сайн ажиллаж байсан зарим нэгжийг их, дээд сургуулиас татан авч, дэмжлэг үзүүлж, ажиллуулах

Ажлын хэсгийн зүгээс эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниудын үйл ажиллагааг сайжруулахад инновацийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох

Иймд хуулийн хэрэгжилтийг сайжруулахтай холбогдуулан Засгийн газарт байнгын хорооны тогтоолоор үүрэг, чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн юм.

2012 онд батлагдсан Инновацийн тухай хуулийг дагалдаж гарах ёстой байсан журмуудыг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай байна гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрлээ. 

ШИНЭ МЭДЭЭ