МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Мөнх-Оргил сайд тайлбар хийв
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил
2017.02.06
Гадаад харилцаа

Ц.Мөнх-Оргил сайд тайлбар хийв

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол жуулчлалын шугамаар Монголд ирэх хятад иргэдийг визгүй зорчуулах асуудлаар ГХЯ-тай ярилцаж байгаа хэмээн хэлсэн билээ.

Энэ нь Д.Дагвадорж аваргын жиргэснийг баталж өгсөн мэт болсон. Тиймдээ ч мэдээллийн хэрэгслүүд Хятад улсын иргэд Монголд визгүй зорчино хэмээн мэдээлж байв.

Харин энэ талаар ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил тайлбар хийжээ. Тэрбээр  “БНХАУ-ын 10-20 хүн нэг дор орж ирэх болбол тэдний материалыг урьдчилж аваад, виз олгодог болох асуудлыг яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл, визийн асуудлыг хөнгөлнө гэсэн үг.  Үүнийг л Д.Оюунхорол сайд андуураад “Бүлэг жуулчлалын асуудлыг визгүй болгох гэж хэлсэн”.  Би өмнө нь тайлбар хийсэн. БНХАУ-ын иргэдийг визгүй болгоно гэсэн асуудал байхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний асуудлыг яаж хөнгөвчилж болох талаар судал гэдэг даалгаврыг Засгийн газраас өгсөн.

Энэ судалгааг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж байгаа. Бид судлаад үзэхээр Монгол Улс өнөөдөр 42 улстай визгүй харьцаж байгаа. Тэгэхээр үүнийг хэвээр үлдээнэ. Визтэй орж ирж байгаа иргэдийн хувьд бүлэг жуулчлал, бүлэг виз, цахим виз олгодог болох тухай асуудлыг судалж байна. Мөн зарим орны иргэдэд Замын-Үүдийн хилийн боомт юм уу, Буянт-Ухаа олон улсын онгоцны буудал дээр виз олгох тухай асуудлыг судална. Түүнээс биш бүх орны иргэд, тэр дундаа Хятад улсын иргэд визгүй Монгол Улсад нэвтэрнэ гэсэн асуудал байхгүй” хэмээн ярьжээ.

ШИНЭ МЭДЭЭ