УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2017.01.13
Эдийн засаг, Худалдаа

Б.Жавхлан: Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчилснээр тус банк ашигтай ажиллана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Монгол Улсын Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан нэр бүхий гишүүдийн хамт санаачлан, өргөн мэдүүлсэн хуулийн төслөө УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. 

1. Санхүүжүүлэх төсөл хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байна. Хуульд заасан болон Хөгжлийн банкны журмаар тогтоосон шалгууруудыг хангасан тохиолдолд Хөгжлийн банк санхүүжилт олгох шийдвэрийг бие даан гаргах зохицуулалтыг оруулсан.

2. Хараат бус бие даасан, ашигтай ажиллах зарчмыг баримтлах механизмыг бий болгосон. Тухайлбал, Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэгдэн удирдахаас бусад тохиолдолд Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, хөтөлбөрийг тусгайлан шийдвэрлэхгүй байна.

Эрсдлийн сан, нөөц санг бий болгож, нөөц сан алдагдлыг нөхөхөд хүрэлцэхгүй бол шаардлагатай хөрөнгийг хувьцаа эзэмшигчид шийдвэрлэж байна. Жил бүр цэвэр ашгийн тодорхой хувиар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлнэ. 

3. Хөгжлийн банкны үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор хамтын санхүүжилт, Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдах үйл ажиллагаанаас гадна хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн болон төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг төрлүүдийг нэмж тусгасан.

4. Компанийн засаглалын тогтолцоог сайжруулах зохицуулалтыг нэмж орууллаа. Үүнд, компанийн сайн засаглалын тогтолцоонд нийцүүлэн УИХ, Засгийн газар, Сангийн яамны бүрэн эрхэд өөрчлөлт оруулсан. Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийн болон хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг тусгайлан хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх бүрэн эрхийг тодорхой болгоно тусгасан юм.

ТУЗ-ийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавигдах шалгуурыг өндөрсгөж, зохион байгуулалтын бүтцийг ТУЗ-өөс тогтоодог  байхаар өөрчилсөн.

5. Хөндлөнгийн хяналтын тогтолцооны эрх зүйн орчныг бий болгосон. Үүнд, Санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, Активыг ангилах журмыг Засгийн газар тогтооно.

Монголбанкнаас тус банкинд жил бүр хяналт тавьж, шалгалт хийнэ. Засгийн газраас гурван жил тутам шалгалт явуулна.

1. Уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр гэх мэт улс орны тэргүүлэх болон стратегийн ач холбогдолтой салбарууд, ялангуяа экспортыг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд түлхэц болно.

Энэ нь цаашид эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлогын эх үүсвэртэй болоход чухал дэмжлэг болох юм.

2. Банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, шуурхай байдал хангагдах, зээл олгох, цар хүрээ өргөжиж, компанийн засаглал бэхжинэ.

3. Банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгосноор олон нийтийн банкинд итгэх итгэл өсч, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломжтой. 

ШИНЭ МЭДЭЭ