МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал: Энэ парламентын түүхэн үүрэг нь Үндсэн хуулийг өөрчлөх
УИХ-ын гишүүн Н.Учрал
2016.11.23
Хууль, эрх зүй

Н.Учрал: Энэ парламентын түүхэн үүрэг нь Үндсэн хуулийг өөрчлөх

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2016.11.22/ хуралдаан 14 цаг 28 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага зэрэг нийт 43 байгууллагаас санал авч нэгтгэсний үндсэн дээр үндсэн чиглэлийн төсөлд 260 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал салбарын сайдаас асуулт асуулаа. 


УИХ-ын гишүүн Н.Учрал:

"Амьдралд ойрхон, хөрсөн дээр буусан, шинжлэх ухаанч, үндэслэлтэй хууль тогтоомж гарна гэсэн хүлээлт байна. Манай улсад үйлчилж буй 600 гаруй хууль хөрсөн дээр буугаад заалт бүр нь хэрэгжээд явж буй нь маш цөөхөн.

Хуулийн зохицуулалтуудыг харахад улс орны эдийн засагт хүндрэл учруулахуйц байна. Нөгөө талаар, хууль сурталчлах, таниулаагүйгээс бие биеэ үгүйсгэсэн хууль олон байна.

Өмнө нь гадны хуулийг орчуулж, шууд хуулбарладаг байсан бол “Хууль тогтоомжийн тухай” хууль батлагдаад хэрэгжиж эхэлснээр шинжлэх ухаанч хуулиуд гарна гэдэгт итгэлтэй байна.

Хуулийн нэр томъёоны асуудлаа цэгцлэх, олон нийтийн жишигт нийцүүлэх нь чухал. Ирэх жилүүдэд гарах 260 гаруй хууль тогтоомжийг боловсруулах, батлуулахдаа засаглалыг бэхжүүлэхэд гол стратегиа чиглүүлэх нь зүйтэй.

Төр, эрх зүйн тогтолцоо зөв голдрилоороо явна гэдэг бол иргэдийн эрхийг хязгаарлахаас илүүтэйгээр төр засгийн эрх мэдлийг эрх зүйн зохицуулалтаар хязгаарлаж явахад оршдог.

Тиймээс хариуцлагатай засаглалыг бий болгох, бэхжүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт болж байна. Үүнтэй уялдан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар Үндсэн хуулийг өөрчлөх гэдэгтэй санал нэг байна.

Төрийн эрх мэдэл, засгийн хуваарилалт, тогтолцоогоо эргэж харах цаг иржээ. Энэ парламентын түүхэн үүрэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт байх ёстой гэж үзэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд төрийн эрх мэдэл, засаглалын тогтолцоог өөрчлөх зоригтой алхмуудыг хийнэ гэсэн гишүүдийн саналыг дэмжиж байна.

Нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд миний оруулъя гэж санал болгосон “Франчайсингийн тухай”, “Хог хаягдлын тухай” зэрэг хуулийн төслүүд орж байгаад баяртай байна.

Төрөөс бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн хууль тогтоомийг боловсронгуй болгоход гишүүд идэвхтэй оролцох ёстой. Хууль эрх орчныг боловсронгуй болгох нь УИХ-ын үндсэн үүрэг юм."

ШИНЭ МЭДЭЭ