Өргөдлийн байнгын хороо усны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав
2016.05.25
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Өргөдлийн байнгын хороо усны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2016.05.24/ Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх иргэдийн өргөдлийг судлан тус байнгын хороогоор хэлэлцүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг сонсов.

Хэлэлцүүлгийг Байнгын хорооны дарга Ж.Батзандан нээж, Өргөдлийн байнгын хорооны 2015 оны 14 дүгээр тогтоолоор Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар ахалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Х.Баттулга нар ажилласан болохыг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Ажлын хэсгээс гаргасан тайланг танилцуулсан юм. Тэрээр, Ажлын хэсгийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл гаргуулан авч, судалсны зэрэгцээ “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Улсын хэмжээнд хүн амын ундны усны чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторид шинжлэх боломжгүй хүнцэл, уран, фтор, иод, U-238, Th-232, K-40, Cs-137 зэрэг химийн хорт бодис болон цацрагийн үзүүлэлтүүдийг шинжлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Геологийн төв лабораторийн оролцоотойгоор зохион байгуулсныг дурдлаа.  Мөн усны нөөц ашигласны төлбөрийн зарцуулалтын тайланг нийслэл, 21 аймгаас гаргуулан авч /17 аймаг мэдээлэл ирүүлсэн/, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу 35-аас доошгүй хувийг усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулж байгаа эсэхэд дүгнэлт хийлээ гэв.

 

Үүний дараа Ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Үүнд, Ундны усны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шинжилгээний дүн, Усны тухай хуулийн хэрэгжилтийн байдал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн хэрэгжилтийн байдал, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, Улсын Их Хурлын 2010 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, мөн Туул голын усны бохирдлын түвшин, шалтгаан нөхцөл /2014 оны байдлаар/.

 

Ажлын хэсгээс гаргасан тайланг сонссоны дараа Байнгын хорооны гишүүд, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл саналаа илэрхийлсэн юм. Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ, Туул голын бохирдлын асуудал хангалттай яригдсан. Иймд энэ асуудлыг ажил хэрэг болгох үүднээс хуулийн төсөл боловсруулж, ажлын хэсэг гаргах нь зүйтэй хэмээлээ.

Түүнчлэн, төрийн бус байгууллага болон иргэд Ус бохирдуулсны төлбөрийн тухай журам гаргах нь зайлшгүй шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр онцлон тэмдэглэсэн юм.

Мөн энэ үеэр Байнгын хорооны дарга Ж.Батзандан Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх иргэдийн өргөдлийг судлан ажилласан Ажлын хэсгийн гишүүдэд талархал илэрхийлж, сайн ажилласан гэж дүгнэсэн юм. 

Ийнхүү Ажлын хэсгийн хүрээнд усны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах талаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс гаргасан саналыг нэгтгэж, Засгийн газарт албан тоот хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

ШИНЭ МЭДЭЭ