Хэнд ч хал, балгүй явна гэдэг хамгийн том буян
2016.05.16
Орон нутгийн хөгжил

Хэнд ч хал, балгүй явна гэдэг хамгийн том буян

Бидний энэ удаагийн зочин улс төрийн шинэхэн боловсон хүчин байлаа.

Эдийн засгийн хямрал, улс төр, иргэд хоорондын үл ойлголцлын гогцоон дээр сууж учрыг нь олж хужрыг нь тунгаах үүргийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гишүүд үүрдэг. Нарийн яривал төрийн түшээдээс илүү иргэдэд ойр байдаг алба юм. Хэнтий аймгийн Бэрхийн уурхайчдын тосгонд хүүхэд насаа үдэж хуульч мэргэжлээр суралцан долоон жилийн турш багшилсан түүний ийшээ “хальтрах” болсон замнал тун сонирхолтой. Ид хийж бүтээх насны МАН-ын шижигнэсэн залуу боловсон хүчнүүдийн нэг тэрбээр гурван хүүхэдтэй өнөр бүлийн тэргүүн гэхэд мэдэхгүй хүмүүс бол итгэмээргүй. Социализмын үед л байсан дундаа ганц хогшилтой, тус бүр нэг чемодантай нийлдэг амьдралын замаар тэр оюутан байхдаа алхжээ.

-МАН-ын шижигнэсэн залуусын төлөөлөлтэй уулзаж байгаадаа таатай байна. Ингэхэд яг одоо таны улс төрийн цаг хэд болж байна?

-Улс төрийн цаг гэдэг томьёоллоор авч үзвэл би дөнгөж өглөө ажилдаа ирж байгаа хүн. Би Төр эрхзүйн онолын багшаар 7 жил ажилласан.  Улс төрийг бидний, биднээс доошоо үеийнхэн эд баялагт хүрэх гишгүүр, гарц гэж үздэг болчихлоо. Гэхдээ монгол хүн бүр, залуу хүн бүр өөрийн гэсэн эд баялаг, эх оронч үзэл, сэтгэлгээтэй байх ёстой. Төр улсаа хөгжүүлэх, ард түмнээ сайхан амьдруулахын төлөө өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж гар бие, хүч түрэн оролцьё гэсэн агуулгаар улс төрийн албан тушаал хаших ёстой гэж би хувьдаа ойлгодог. Тэр ч утгаараа би СХД-т анхнаасаа мэргэжилтэн хэлтсийн дарга, даргын үүрэг гүйцэтгэгч, иргэдийн хурлын дарга гэхчлэн шат дараатай албаа хашаад явж байна. Яг өнөөдөр өөрийгөө улстөрч гэж хэлбэл болохгүй байх. Яагаад гэвэл би дөнгөж өглөө ажилдаа ирж байгаа хүн учраас цаашдаа улс орноо хөгжүүлье гэсэн олон гэгээлэг хүсэл мөрөөдөл надад байгаа.

-Иргэдийн хурал бол улс төрийн анхны гишгүүр. Энд ялж гарч ирэхэд ер нь танд юу нөлөөлсөн юм бол? Таны фанатууд чухам ямар хүмүүс байна?

-Дүүргийн иргэдийн хурлын даргын хувьд намайг дэмждэг, Сонгинохайрхан дүүргийн намын хорооны 6000 гишүүд, тэдний ард олон олон иргэд сонгогчид бий. Өнгөрсөн 2012 оны орон нутгийн сонгуулиар СХД-ийн ИТХ-ын сонгуульд иргэд сонгогчдын дийлэнх нь МАН-аас нэр дэвшиж байгаа залуусыг багаар нь дэмжих нь зүйтэй гээд биднийг дэмжсэн. Дүүргийн иргэдийн хурлын 41 суудлын 22 суудлыг манай намын залуучууд авсан. Бид тодорхой зүйлийг л иргэд сонгогчдодоо амласан.

Хоггүй болгоё, дүүргээ дэмжсэн эдийн засагтай болгоё гэхчлэн. Нийслэлийн 6 дүүргээс ганцхан манай дүүрэг нийслэлээс татаас авч хорь гаран жил амьдарч байгаа. Бид орлогыг нэмэгдүүлэх нөөц бололцоогоо шавхаж чадвал дүүрэг өөрийгөө тэтгэх эдийн засагтай болчихно. Сонгинохайрханчуудын тохижилт бүтээн байгуулалтын төлөө бодсон санасан зүйлүүдээ хийе гэсэн зорилготой орж ирсэн. Гудамжуудаа гэрэлтүүлэгтэй болгочихьё, гэр хорооллын айл өрхүүдийг худаг устай болгоод, хогноос нь салгачихья, ингэхийн тулд өөрийгөө тэтгэх эдийн засагтай, санхүүгийнхээ чадавхийг бэхжүүлэх зорилт тавьсан.

 

-Олон сайхан бүтээлч санаачлага гаргажээ. Одоо үр дүн ямар байна?

-Өнгөрсөн жил бид түүхэндээ анх удаа 7,7 тэрбум төгрөгийн өөрийн орлогыг бүрдүүлж, бий болгож чадлаа. Нэг статистик хэлэхэд 2012 онд дүүргийн орлого 3,5 тэрбум байсан. Бид аливаа зүйл дээр намчирхаж, талцалгүй зөвхөн дүүрэг, орон нутгийнхаа хөгжлийн төлөө намуудтай зөвшилцөл хийснээр ийм үр дүнд хүрсэн гэж бодож байгаа.

-Ингэхэд танай багийнхан чинь бүгд Сонгинохайрханаас гараагаа эхэлсэн унаган иргэд байдаг байх шүү. Тэр ч утгаараа дүүргийнхээ зовлон, жаргалыг их сайн мэдээд байх шиг?

-Та их сайн судалсан байна. Манай дүүргийн иргэдийн хуралд сонгогдож ажиллаж байгаа залуучууд бараг бүгд амьдрал, ажлын гараа нь Сонгинохайрханаас эхэлсэн байдаг. Манай дүүргийн засаг дарга гэхэд Сонгинохайрхан дүүргийн унаган иргэн. Дүүргийн Засаг даргын орлогч Төрхүү Сонгинохайрхан дүүрэгт төрж өссөн, ажлынх нь гараа Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас эхэлсэн байх жишээтэй. Манай Засаг даргын тамгын газрын дарга Мөнхчулуун Сонгинохайрхан дүүрэгт өссөн, дүүргийн тамгын газарт ажиллаад явж байна. Иргэдийн хурлын тэргүүлэгч Сандагсүрэн сургууль төгсөж ирээд дүүрэгт мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн гэхчлэн тоочвол маш олон хүн бий.

-Саяхан твиттерт иргэдийн хурлын төлөөлөгчдийг сар болгон 5 сая төгрөг халаасалдаг гэсэн мэдээлэл тарж багагүй шуугиан тарилаа. Нууц биш бол өөрөө сард хэдийг авдаг юм, энэ ер нь ямар учиртай мөнгө вэ?

-Манайх тийм биш. Сард 1 сая 350 мянган төгрөгний урамшууллыг өнгөрсөн жилийн 2-р улирлаас эхэлж олгосон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулинд дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид урамшуулал олгоно гэсэн заалт бий. Энэ жилийн хувьд эдийн засаг хямралтай төсөв, тодотгол яаж гарахыг, энэ урамшуулал хэд болохыг мэдэхгүй байна.

-Улс төр хийж байгаа хүмүүс нийтлэг утгаараа санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн хүмүүс байдаг. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэх логикоор бол сайн тал. Энэ дашрамд би таны сарын орлого хэд вэ, орлогоо юунаас бүрдүүлдэг вэ гэж асуумаар байна?

-Үндсэн цалин, урамшууллаа авна. Манай эхнэр, дүү нар гэр бүлийн тодорхой бизнес хийдэг. Эхнэр тэндээсээ цалин, нэмэх нь компанийн ногдол ашиг гэж тодорхой хэмжээний мөнгө авна. Эхнэрийн цалин мэдээж миний цалингаас өндөр, хувийн хэвшилд ажиллаж байгаа учраас. Би хөрөнгө орлогын мэдүүлгээ сүүлийн 7, 8 жил тасралтгүй бөглөөд явж байна.

Надаас ердөө ганцхан өгүүлбэрээр уучлалт хүссэн!

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ? Эцэг эхээс хэдүүлээ вэ?

-1978 онд Улаанбаатар хотод ээжийгээ оюутан байхад төрсөн. Удалгүй манайх Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд суурьшсан. Би айлын том хүүхэд. Доороо эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. Аав маань жолооч хүн байсан. Уг гарвал нь Хэнтий аймгийнх. Манайх зах зээл эхлэхэд Улаанбаатар хотод шилжин суурьшсан. Миний ухаан орсон, хорвоотой танилцсан түүх Хэнтий аймгийн Бэрхийн уурхайтай салшгүй холбоотой. Уурхайчдын тосгонд ээж маань байгууллагын нягтлан хийдэг, аав тээврийн жолооч хийнэ. Намайг хүүхэд байхад 1981, 1982 оны орчимд Улсын ачаа тээврийн аварга болж тэр салбартаа тэргүүлж ажиллаж байсан хүн. Харамсалтай нь их эрт бурханы оронд явсан даа.

-Таны хуульч мэргэжилтэй болох сонголтонд юу нөлөөлсөн бэ? Одоо л моодонд орж байгаа болохоос тэр үед энэ мэргэжил хүүхдүүд дунд төдийлөн од байгаагүй шүү дээ?

-Ямар мэргэжил сонгохыг хүний эцэг эх чиглүүлж өгдөг юм байна. Би ерөнхий боловсролын сургууль төгсөөд ЦИС-д конкурс өгөх гээд найзуудтайгаа явах гэж байлаа.  Аав намайг явуулаагүй. Аав маань нэг ийм үг хэлсэн, зарим хүмүүс сонсвол гомдох байх. Цэрэг хүн, цагаан зээр хоёр нутаггүй байдаг юм. Би том хүүгээ цэргийн хүн болгомооргүй байна, хуулийн чиглэлээр сурах ёстой гэсэн. Манай аав зүгээр л жирийн сайхан жолооч хүн. Би аавынхаа нэг зүйлийг одоо ч боддог. Чойномын шүлгэн дээр гардаг “Хэнд ч хал балгүй явна гэдэг хамгийн том буян” гэдгийн үлгэр жишээ тийм хүн байсан. Ер нь хэнд ч хал балгүй явна гэдэг хамгийн том буян шүү.

-Сайхан түүх байна. Харин та өнөөдөр хамгийн хал балтай улс төрийн тогоонд багтаж явна. Аавынхаа захиас, үлгэр дуурайллыг хэрэгжүүлж байна уу?

-Харамсалтай нь бидний амьдрал, хийж байгаа ажил байнгын өрсөлдөөн дунд явж байна. Заримдаа шантрах, няцах үе гардаг. Би 2012 оны сонгуулиар янз бүрээр гүтгүүлсэн. Жагсаалтыг тэргүүлж нэр дэвшиж байсан болохоор эмнэлгийн газар булааж орон сууц барилаа, төрийн албыг төрлийн алба болгож,  төрсөн дүүгээ төрийн албанд оруулчихлаа гэх мэт. Сонгууль үргэлжилж байгаа арван хэдхэн хоногт тэр хүнийг ямар ч аргаар хамаагүй харлуулаад булчихья, нөгөө талд ашигтай гэж асуудалд ханддагт би харамсаж явдаг. Би дараа нь цагдаагийн байгууллагад өөрийгөө шалгуулсан. Миний төрсөн хоёр дүү хоёулаа хувийн хэвшилд ажилладаг.  Эмнэлгийн газар булааж аваагүй.

Энэ нь тусдаа бизнесийн зарчмаар манай дүүгийн хамтардаг байгууллага эмнэлгийн ажилчдын орон сууцыг барьж өгөх гэрээ хийгээд ажил нь явагдаж байсан. Цагдаагаар шалгуулаад нөгөө нөхдүүд гэм буруутай нь тогтоогдоод эцэстээ надаас уучлалт гуйж ирсэн. Хамгийн муухай нь 7, 8 телевизээр 7, 8 орой миний нүүрийг дэлгэцээр сунгаж татаад янз бүрээр нэр, хоч зүүж гүтгэчихээд сүүлд нь “Өдрийн сонин”-ы 7 билүү 8 дугаар нүүрний доод талд ганцхан өгүүлбэрээр уучлалт гуйчихдаг юм билээ. Тэр сонгуулийн үеэр миний тухай нэвтрүүлэг гарч байхад Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд сууж байгаа 70 гарсан миний ээж над руу утасдаад “Миний хүү болио, ийм муухай ажил хийхээ боль” гээд. Залуус улс төрийн сонгуульд оролцохдоо ёс зүйтэй баймаар юм байна. Би үүнийг яагаад ярьж байна гэхээр, миний эцэг хал балгүй хүн байсан ч би хал балгүй явж чадахгүй байна.

-Хуулийн сургуулийн оюутан Нямбаатар шууд тэндээ багшаар үлдсэнийг бодоход ёстой “гавал” оюутан байжээ. Бас тэндээс амьдралын ханиа олсон гэсэн?

- Орхон их сургуульд хуулийн салбар шинээр нээгдэхэд би элсэн орсон. Дөрвөн жил суралцаад онц төгсөн сургуульдаа үлдэж долоон жил багшилсан. Багшлахын хажуугаар эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тодорхой ажлууд хийсэн. Боловсрол судлал болон хууль зүйн ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Хажуугаар нь өмгөөллийн шалгалт өгч 2007 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч болсон доо. Сургалт эрдэм шинжилгээний ажлын хажуугаар өмгөөллийн ажлыг бас давхар хашиж яваад 2009 оны нэг сард СХД-т мэргэжилтнээр ажилд орсон. Суралцаж байх хугацаандаа эхнэртэйгээ танилцаад 4-р курсдээ гэр бүл болсон.

 

Хүүхдэд эрт гадаад хэл сургах буруу, хэлний дархлаа 14 настайд бүрэлддэг

-Та их эрт гэр бүл зохиосон байна шүү?

-Тэгсэн. Манай эхнэр надаас доошоо хоёр курс. Би чинь гуравдугаар курс байхдаа нэгдүгээр курсынхээ охинтой танилцаад суучихсан /инээв/. Эрт гэр бүлтэй болсноо их зөв алхам хийсэн гэж боддог. Охид маань өсөөд зэрэгцээд явахад адилхан том том охидууд болчихоод байгаа.

-Та их номын оюутан байжээ. Гэнэт гэр бүлтэй болчихоор юу бодогдсон бэ?

-Бид хоёр дөнгөж сууж байхад би Соросын сангийн эрдэм шинжилгээний хуралд шалгараад 300 долларын шагнал авсан юм. Тэрнийхээ 100 хэдэн доллараар бид анхныхаа телевизорыг авч байсан. Телевизортой болоод сургуулийнхаа ойрхон байр хөлсөлье гээд тусдаа гарчихсан. Мэдээж хэрэг ээж аав нар дэмжлэг үзүүлсэн. 300 доллар чинь тухайн үед маш их мөнгө. Багийнхандаа оролцоо оролцоогоор нь мөнгийг нь хуваарилж өгөөд надад 100 доллар оногдсон. Тэгээд хоёулаа нэг өрөөнд телевизортой амьдрал эхэлсэн. Эрт гэр бүлийн амьдралд хөл тавьсны хэрээр бүх л юмаа амжуулаад хичээгээд явж байна.

-Гэргийгээ танилцуулаач?

 -Миний хань Ишбалдангийн Баярмаа гэдэг эмэгтэй байгаа. Франц хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Харамсалтай нь мэргэжлээрээ ажиллаагүй. Одоо “Хамаг Монгол” группт ерөнхий менежер хийдэг. Төрсөн дүүгийн маань компанид хувь нийлүүлж, оролцоод хамтарч бизнес хийж байгаа. Уул уурхайн чиглэлийн “Бест дриллинг” гээд манай өрөмдлөгийн компани байдаг. Эхнэр тэр компанийн ажилд оролцоно, хажуугаар нь гурван хүүхдээ хүмүүжүүлнэ. Би чинь өглөө гараад орой ордог хүн. Манайх хоёр охин нэг хүүтэй. Хоёр нь том, бага нь одоо 4-тэй.

Том улстөрчидтэй нөхөрлөх гэхээсээ хүндэлж явдаг

-“Бест дриллинг” өрөмдлөгийн компани уул уурхай манайд сэргэж байсан үеэс сонсогдох болсон. Та уул уурхайн хүн биш шүү дээ. Чухам яагаад энэ салбарт орох болов?

-Манай дүү уул уурхайн чиглэлийн хүн. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаад “Ахаа хоёулаа ийм компани байгуулья, зах зээл боломжтой байна” гээд. Хэдүүлээ хэдэн зуун сая төгрөгний зээл хөөцөлдөөд байр саваа барьцаалж байгаад эхэлсэн. Одоо байгуулагдаад 6, 7 жил болчихсон байх аа. Ямар ч байсан тогтвортой хэмжээнд ажил хийгээд ажилчдаа цалинжуулаад нийгмийн асуудлыг нь шийдээд явж байна. Энэ хугацаанд олон залуусыг орон сууцтай болгосон. Хөдөө гадаа байнга явдаг, ар гэртээ санаа зовох зүйл ихтэй хүнд ажил учраас тэднийхээ орон сууцны асуудлыг нэн тэргүүнд шийдэж өгөхийг хичээдэг.

-Та багш, дээр нь хувийн бизнестэй, амьдрал боломжийн байхад яагаад улс төрд орсон юм бэ? Төрийн алба төвөгтэй биш үү?

-Тийм л дээ. Миний хамгийн дуртай ажил багшлах. Долоон жил багшлахдаа олон ч шавьтай болсон. Хаа ч очсон шавь нар маань хүндэтгэлтэй харьцдаг. Нас залуу ч цагаан сараар шавь нар ирж золгоно. Улс төрд орсон учир нь 2008 оны сонгуульд нэр дэвшээч гэж Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс таньдаг мэддэг хүмүүс санал тавьсан. Би, “наад улс төрийн чинь ажилд сонирхол алга, энэ ажлаа хийгээд явж байя” гэлээ. Сонгуулийн дараа дүүргийн удирдлагад гарсан хүмүүс  “Чи сонгуульд өрсөлдөггүй юм байж. Ирээд төрийн захиргааны ажилд өөрийн мэдлэг, мэргэжлээрээ бидэнд тус дэм болооч. Хуулийн зөвлөх, мэргэжилтэн болооч” гэж санал тавьсан. Хуулийн зөвлөхөөр ажилд ороод цаашаа хэлтсийн дарга болж ажлынхаа амтанд ороод ер нь төрийн албанд зүтгэж эхэлье гэж бодсон. Төрийн захиргаанд ороод практик тал руугаа өөрийгөө хөгжүүлээд  улам гүнзгийрээд Сонгинохайрхан гэдэг их айл руу гулсаад орчихсон хүн дээ /инээв/.

-Танд улс төрийн хүрээнд найзууд хэр их байдаг вэ?

-Мэдээж хэрэг хамтран ажиллаж байгаа Д.Сумьяабазар гишүүнийг хамгийн нэгдүгээрт хэлнэ. Д.Сумьяабазар гишүүн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга, би намын хорооны нэг дэд дарга нь. Д.Сумьяабазар гишүүнийг улс төрчийнх нь хувьд, спортын хүнийх нь хувьд хүндэлдэг. Нэг юманд зорьсон бол хийж дуусгадаг спортын хүний хатуу, чанга, тууштай араншинд би их дуртай. Тэр араншин манай гишүүнээс ханхална. Монгол улсын аварга, хорьдугаар зуунд төрсөн 21-хэн аваргын нэгтэй хамт зүтгэж яваадаа бахархаж явдаг. Том улс төрчидтэй нөхөрлөх гэхээсээ илүү хүндэлж явдаг. Манай намын дарга Энхболд миний хүндэлдэг хүмүүсийн нэг. Цаашилбал, Нямдорж гуай, Амаржаргал гишүүн гээд мундаг, тулхтай улс төрчид олон байна.

Би бэлгээ бодчихсон!

-Ингэхэд таны хобби юу вэ?

-Хөдөө тэнэх дуртай. Хөдөө өссөн болоод ч тэр юм уу, хөдөө, зүүн тийшээ давхичих дуртай.  Хэнтийн Бэрхийн уурхайд очоод нэг хоночихоод ирэх энүүхэнд. Завтай үедээ гэртээ эхнэр, хүүхдүүдтэйгээ хоол хийнэ. Эмээгээс сурсан хоолны жорууд бас байна. Хярамцаг, аарцтай шөл хийнэ. Айлын том хүүхэд гэрээ цэвэрлэдэг, хоолоо хийдэг, дүү нараа хардаг жишгээр би ээжийгээ 7 настайдаа билүү их баярлуулсан. Манай ээж нягтлан. Манай бага дүү төрчихсөн, би харна. Ээж нэг өдөр намайг загналаа. “Ээж нь ядарч ядарч ирж байна, чи дүүгийнхээ даавууг угаачих нас болсон ш дээ” гэлээ. Маргааш нь нөгөө даавууг халтар ч хамаагүй угааж тавиад ээжийнхээ хоол хийснийг бодож байгаад нэг гурилтай шөл хийсэн чинь нөгөөх нь жонхуу шиг л юм болсон. Тэгсэн чинь манай ээж баярлачихсан, нөгөөхөөс чинь идээд л. Бодвол амтгүй ч гэлээ хүүхдийнх нь хийж өгсөн хоол учраас л их баярласан байх. Одоо ч санаанаас гардаггүй сайхан дурсамжуудын нэг.                            

Танд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ