http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөрвөгч
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.09.30
Улстөр

Хөрвөгч

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн намаа үгүйлэн, санагалзаад болохоо байжээ.

Өмнөх парламентад эсэргүү гэж цоллуулдаг байсан тэрбээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьж, намын удирдлагуудтайгаа тангараг тасарсан юм. Ёстой л ноёнтой тэрсэлдвэл толгойгүй, нохойтой тэрсэлдвэл хормойгүй гэдэг шиг намын удирдлагууд нь намынхаа эсэргүү нөхдөд сонгуульд нэр дэвших “шанс” өгөөгүй гэдэг.

Мөн намынхаа эсрэг том дуугарсан зарим нөхдийг намаасаа хөөсний нэг нь Ц.Даваасүрэн. Гэхдээ эрхэм түшээ намаасаа хөөгдөөгүй харин сайн дураараа гарсан гэх тайлбарыг хийдэг. Юутай ч тэрбээр МАН-д харъяалагдахаа больсон юм.

Улмаар эсэргүү нөхдийнхээ хамт МАХН-д элсэнэ гэх мэдээлэл цацагдаж байсан ч тэрбээр ганцаарчилсан тоглолт хийхээр шийдэж, бие даан Хөвсгөлд нэр дэвшсэн. Энэ нь ч түүнд боломж болж, нутгийнхан нь итгэл хүлээлгэсэн юм.

Төсвийн байнгын хорооны даргаар хоёр ч удаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр Оюутолгой, Тавантолгойн талаар хатуухан байр суурь дээр зогссон төдийгүй эрх баригчид болоод сөрөг хүчнийхэнд анхааруулга өгөх болсон нэгэн. Эдийн засагч мэргэжилтэй Ц.Даваасүрэн эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн доройтсон тухай ам нээх бүртээ тодотгох болсон. Шинэчлэлийн Засгийн газрын үед ах, дүүдээ албан тушаал авч өгсөн тухай яриа бий ч эрхэм түшээ үүнийг үгүйсгэдэг.

Тэгвэл сүүлийн үед эрхэм түшээг намынхан нь ихэд тоох болсон гэнэ. Тэрбээр ч өөрөө зүгээргүй байгаагаа илэрхийлж, жиг ургуулаад амжсан сурагтай. Тэр ч бүү хэл, МАН-аас Ж.Сүхбаатар тэргүүтэн МАХН руу хөрвөх болсон энэ үед Ц.Даваасүрэн болон хэсэг нөхдийг эргүүлэн залах тухай удирдлагын түвшинд яригдаж, яг таг болсон гэнэ. Тодруулбал, намрын чуулганы нээлтийн дараа хуучин батлахаа сэргээх ёслол болох юм байх.

ШИНЭ МЭДЭЭ