http 55

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хотгойдын тэмцэгч
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.07.29
Улстөр

Хотгойдын тэмцэгч

Зангиа биш, франц эрчүүдтэй адил торгон алчуураар гоёх дуртай тэрбээр Сангийн яамны Төрийн сангийн газрын даргаар 2000-2005 онд ажиллаж байхдаа хүмүүст хамгийн эрэлттэй нэгэн байсан гэдэг. Чухам л энэ хүний дохио зангаагаар төрийн мөнгөний уутны амсрыг хааш нь харуулахыг шийддэг байж. ОХУ-д төлөх их өрийг тэглэх үед эрхэм гишүүн Н.Энхбаярын арын албанд   ажиллаж, техникийн ажлын хэсгийг ахалж байв.

Харин их өрийн сэдвийг Оросууд дахин хөндөхөд буюу 2009 онд тэрбээр нэгэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан нь мөнөөх урт нэртэй хууль. УИХ-аас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар 57 дугаар тогтоол батлахад ч Ц.Даваасүрэн ихээхэн үүрэг гүй­цэтгэсэн билээ. Хөвсгөл нутгаас сонгогдсон түүнээс хотгойдуудын тэмцэгч зан үе үе илэрдэг бөгөөд түүнийг “Энэ цагийн эгзэгтэй баатар”-аар тодруулаад байгаа. 2008 оны сонгуулиар МАХН-аас нэр дэвшин сонгогдож ард түмний итгэлийг даах хүндтэй үүрэг ноогдсон. Харин 2012 онд Сонгуульд нэр дэвших гэхэд нь нэрээ өөрчилсөн МАН-ынхан түүнд орон зай өгөөгүй гэдэг. Гэвч тэрээр бууж өгөлгүй бие даан нэр дэвшин ялалт байгуулан олныг гайхшруулсан. Гэхдээ үнэндээ энэ бол гайхах зүйл биш байлаа. Учир нь түүний өмнөх дөрвөн жил ямар хүн байсныг Хөвсгөлийнхөн мэдсэнд байгаа юм. Харин МАН-ынхан буруу шийдвэр гарган нэг суудлаа хоосон алдсан. Тэрээр 2012 оны сонгуульд ялсны дараа адилхан бие даан дэвшиж ялсан С.Ганбаатар, Х.Болорчулуун нартай нийлж “Бие даагчдын зөвлөл”-ийг байгуулан дуу хоолойгоо нэгтсэн.

Хэдий тэд Н.Алтанхуягийн засгийн газар унасны дараа засагтай хамтраагүй ч хүчтэй хянагчийн үүргийг гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдэж байлаа. Учир нь сөрөг хүчин гэгдэж байсан МАН хүртэл засагт хамтарснаар тэдний буруу, зөвийг хэлэх хүнгүй болсон. Энэ үед л бие даагчдийн зөвлөл байр сууриндаа хатуу зогссон. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн чуулган дээр хэлсэн үг тэдний толгойд лантуугаар цохих мэт буудаг биз. Эдийн засагч мэргэжилтэй түүний хувьд мөнгөтэй холбоотой хуулиудад маш хянамгай ханддаг нэгэн. Заримдаа Сангийн яамны нөхдүүдийг чуулганы хуралдаан дээр загнаад авах нь энүүхэнд. Түүний хувьд ирэх жилийн сонгуульд мэдээж Хөвсгөл аймгаасаа өрсөлдөх нь тодорхой. Харин дахиж бие даан нэр дэвших үү эсвэл хуучин намаасаа юу гэдэг нь таавар мэт байна. Өнгөрсөн хавар түүнийг МАН өөрсдийн намдаа элсүүлэх талаар шуум цахим ертөнцөөр хуйлраад өнгөрсөн. Хэрвээ энэ бор шувуу үнэн бол.... Гэхдээ бүх зүйлийг цаг хугацаа л харуулна.

ШИНЭ МЭДЭЭ