Хувьчлалаас 51 тэрбумыг төсөвт л төвлөрүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Нийслэлийн өмч хувьчлах комиссын орлогч дарга Б.Энхболд
2015.06.12
Эдийн засаг, Худалдаа

Хувьчлалаас 51 тэрбумыг төсөвт л төвлөрүүлнэ

Б.Энхболд: Хувьчлалаас 51 тэрбумыг төсөвт л төвлөрүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, нийслэлийн өмч хувьчлах комиссын орлогч дарга Б.Энхболдоос тодрууллаа.

-Хувьчлах жагсаалтад орсон объектуудын доод үнийг тогтоосон уу?

Нийслэлийн 2015 оны төсвийн тодотгол батлахад 24 объектыг өмч хувьчлалын жагсаалтад шинэчлэн оруулж 51 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан өмч хувьчлалын комисс энэ сарын сүүлээр дээрх объектуудын доод үнийг тогтоож дуусна.

-Дуудлага худалдаа хэзээ эхлэх вэ?

Хамгийн эхэнд 1938 онд ашиглалтад орсон “Ионсей найрамдал" эмнэлгийн барилга, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийг удахгүй дуудлага худалдаанд оруулах гэж байна. Доод үнийг таван тэрбум 16 сая 113 мянга 800 төгрөгөөр тогтоосон. Дуудлага худалдаанд оролцохын тулд үнийн дүнгийн 10 хувийг төлөөд энэ сарын 26-ны өдрөөс өмнө нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлтээ гаргах юм.

-Худалдаж авсан хүн тухайн объектоо зориулалтаар нь ашиглах уу, эсвэл өөр барилга барих УУ?

Иргэн, аж ахуйн нэгж тухайн обеъктыг өөрийнхөө хөрөнгөөр худалдан авч, нийслэлд тодорхой хэмжээний хөрөнгө  төвлөрүүлж, нийслэлийн орлогын баазыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа учир заавал зориулалтаар нь ашиглах шаардлага тавихгүй байх шийдвэрийг нийслэлийн өмч хувьчлалын хурлаас гаргасан. Харин өмч хувьчлагчид барилгын дүрэм журам, мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой.

-Өмнөх жилүүдэд өмч хувьчлалын жагсаалтад орсон мөртлөө зарагдаагүй барилгуудыг яадаг вэ?

Нийслэлийн ИТХ- ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан “Нийслэлийн өмч хувьчлалын журам”-д заасны дагуу дуудлага худалдаагаар зарагдаагүй объектыг өмч хувьчлалын комиссоор дахин оруулж, 40 хүртэлх хувиар бууруулж, үнийн дүнг гурван удаа зарлана. Хэрэв гурван удаа зарлаад зарагдаагүй бол дахин нийслэлийн ИТХ-д өргөн барьж тухайн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой.