МАН-ынхан Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, СХД-ийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар ажиллав.
2014.11.05
Орон нутгийн хөгжил

МАН-ынхан Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболдоор ахлуулсан МАН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын ажлын алба, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, удирдлагууд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.

Ажлын хэсгийнхэн толгойт, өнөр, баянхошуу гэсэн гурван бүсэд хуваагдан тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдааны төв, сургууль, цэцэрлэг, иргэдийн амьдрал ахуйтай танилцан, санал хүсэлтийг нь сонссон юм.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн, СХД-ийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга Д.Даваасүрэн нар “Тумбааш”, “Өгөөж” худалдааны төвүүд, гуравдугаар амбултор, нийслэлийн 127, 158, 170 дугаар цэцэрлэг, мөн тус дүүргийн 24р хороонд байрлах 640 хүүхдийн сургуулийн барилгатай танилцлаа.

Энэ үеэр иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй байгааг хэлж байв. Харин худалдаа үйлчилгээ эрхлэгчлийн зүгээс бараа бүтээгдэхүүний борлуулалт муу байгааг хэлж байлаа.

Махны үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бага байгаа ч худалдан авалт буурч, их хэмжээгээр авахаа больсон, зарим нэг нь зээлээр авдаг тухай махны худалдаачид ярьж байсан юм.

Түүнчлэн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу 127р цэцэрлэг л гэхэд 340 хүүхдийн авах хүчин чадалтай бол өдгөө 640 хүүхэдтэй ажиллаж байгаа ажээ. Нийслэлийн 170 дугаар цэцэрлэгийн хувьд мөн л олон хүүхэдтэй шинээр байр барихаар газар, төсөв мөнгөнийхөө асуудлыг шийдвэрлүүлсэн ч тендерт шалгарсан компани нь бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанаар хойшлоод уджээ.

Тиймээс хажуудаа гэр цэцэрлэг барин ажиллуулж байна. Сонгинохайрхан дүүрэгт сургуулийн байр мөн л тулгамдаж буй асуудлын нэг болжээ.

Тус дүүргийн 24 дүгээр хороонд дөрвөн жилийн өмнөөс 640 хүүхдийн сургууль баригдаж эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй, тэр бүү хэл барьж дуусгах мөнгө энэ жилийн улсын төсөвт ороогүй байна. Уг сургууль ашиглалтад орохгүй бол 2015-2016 оны хичээлийн жилд их том хүндрэл үүснэ. СХД-ийн 67, 76, 105 дугаар сургуулиуд хувааж аваад өдрийн гурван ээлжээр хичээллэж байгаа гэдгийг тус дүүргийнхэн хэлж байна.

ШИНЭ МЭДЭЭ