С.Ганбаатар: Ямар бүтцээр ажиллавал Монголчуудыг сайхан амьдруулах вэ гэж бодох хэрэгтэй
УИХ-ын гишүүн, УИХ дахь бие даагчдын зөвлөлийн тэргүүн С.Ганбаатар
2014.10.03
Улстөр

С.Ганбаатар: Ямар бүтцээр ажиллавал Монголчуудыг сайхан амьдруулах вэ гэж бодох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, УИХ дахь бие даагчдын зөвлөлийн тэргүүн С.Ганбаатарыг "Ярилцах танхим"-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайд өнөөдөр /өчигдөр/ Засгийн газарт хийх бүтцийн өөрчлөлтийг танилцууллаа. Ерөнхийдөө Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Зам тээврийн яамыг татан буулгаад бусдыг хэвээр нь үлдээж байгаад сөрөг хүчин тийм ч таатай хандахгүй байна билээ. Таны хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байна бэ?

-Миний бодлоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газарт ямар учраас бүтцийн өөрчлөлт хийхээр болсон бэ гэдэг үндсэн санаагаа эхэлж тодорхой танилцуулах ёстой байсан юм.

Түүнээс биш өнөөдрийнх шиг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийсэн болж цаг үеийн асуудлыг аргалах гэж байгаа маягаар хандаж болохгүй шүү дээ. Анх шинэчлэлийн Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж ирэхэд нь би Ерөнхий сайдад дээрхтэй ижилхэн зүйлийг хэлж байсан. Харамсалтай нь хүлээж аваагүй.

-Юу хэлсэн гэж?

-Тухайн үед би Н.Алтанхуяг сайдад "Та бүлэглэл. фракциудын амбицтай улстөрчдийн амбицийг захирах гэж. Тэдний хоорондын толхилцооныг л зохицуулах гэж наймааны хэрэгсэл маягаар Засгийн газраа байгуулах гэж байна" гэж байсан юм.

Бүлэглэл хоорондын үл ойлголцол. шуналыг дарах зарчмаар ажиллаж байсан Ерөнхий сайд маань тухайн үед брокерчин шиг л харагдаж байсан учир тэгж хэлсэн хэрэг л дээ.

Нэг бүлэглэл, фракци нь тэнд бухимдаж нэг зүйл ярихаар нь тэдэндээ зориулж нэг яам байгуулж, тэдний хүнийг сайдад нэр дэвшүүлэх замаар явснаас болж өнөөдөр Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх тухай асуудал яригдах болсон гэдгийг тодотгож хэлье.

-Таныхаар бол Ерөнхий сайд Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийж байгаагаа яаж тайлбарлах ёстой байсан гэж?

-Үүний тулд Засгийн газрын зорилго юу юм бэ гэдгийг тодорхойлоод ард түмний бэрхшээл, улс орны өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх арга замаа тодорхойлсноор Засгийн газрын бүтцийг ярих ёстой байсан юм.

Тухайлбал. Ерөнхий сайд өнөөдөр /өчигдөр/ зургаан яамыг нэгтгэж гурван яам болгох тухай асуудал хөндсөн. Гэтэл ямар чиг үүргийн үндсэн дээр ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс л гал унтраах төдийхнөөр арга хэмжээ авч байна гэж хэлээд байгаа

юм. Үгүй байсан бол Ерөнхий сайд "Үлдэж буй хоёр жилийн хугацаанд бид бүх хүчээ үүн дээр төвлөрүүлж. энэ энэ ажлыг хийнэ. Тиймээс ийм өөрчлөлт хийхээр шийдсэн юм” гэж бүх зүйлийг тодорхой ярих байсан шүү дээ. Нөгөөтэйгүүр, Засгийн газрын өнөөдрийн бүтцэд хэд хэдэн ноцтой асуудал байна гэж би үзэж байгаа.

-Ямар ноцтой асуудал байгаа гэж. Энэ талаар тодруулна уу?

-Нэн түрүүнд Ерөнхий сайд бүлэглэл хоорондын энх тайвныг сахин хамгаалагч наймаачин төдий хүн байх ёсгүй. Би Байгаль орчин. ногоон хөгжлийн яамыг Газар, байгаль орчин. ногоон хөгжлийн яам болгох санал дэвшүүлж байгаа.

Яагаад гэвэл өнөөдөр уул уурхай болон барилгын салбарт тусгай зөвшөөрөл авах гэж байгаа хүмүүст л газрын асуудал хамаатай мэт аашилж, дээрх салбаруудад газрын асуудал эрхэлсэн тусгай агентлагууд байгаа нь өрөөсгөл болчихоод байна. Газрыг байгаль орчин, газар тариалангийн чиглэлд анхаарч ажиллах цаг болсон.

ОХУ-д газрын асуудлыг тусгайлан хариуцсан Газрын харилцааны яам гэж байгаагаас үлгэр жишээ авах хэрэгтэй. Газар бол улсын үндэс. Гэтэл энэ том ойлголтыг барилга бариулдаг яамны хэлтсийн доор аваачаад зоочихсон байна.

Мөн агаарын бохирдлын асуудлыг Уул уурхайн яам. Гадаад харилцааны яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамаарч байх жишээтэй. Гэтэл үүнийх нь аль нь тэргүүлэх юм бэ гэдэг тодорхойгүй байх жишээтэй. Нөгөөтэйгүүр хөдөлмөр, даатгал, халамжийн асуудлыг салгаж болдогүйг эрх баригчид маань мэдэж л баймаар.

Газрыг байгаль орчин, газар тариалангийн чиглэлд анхаарч ажиллах цаг болсон.

Үүний цаана хүний хөгжлийн тухай бодлого ямагт хамт байдаг. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийг нь хариуцсан тусдаа яам байгуулаад нэгэн цогц байх ёстой даатгал, тэтгэвэр, халамжийг нь тусдаа яаманд хариуцуулаад байгаа нь байж болохгүй асуудал.

Улсын эдийн засаг,  нийгмийн хөгжлийн асуудал нь Ерөнхий сайд, сангийн сайдын хүрээнд давхардсан. Үүнийг үгүй болгох ёстой Ерөнхий сайд нүглийн нүдийг гурилаар хуурах ажил хийж байгаа нь харамсалтай санагдаж байна. Тиймээс Ерөнхий сайдад хандаж хэнийг халах вэ гэж ярихын оронд ямар бүтэцтэй байвал монголчуудын төлөө сайн үйлс хийх вэ гэж бодсоныхоо дараа өөрчлөлт хийгээч. Үүнийхээ дараа хүнээ байршуулж байгаач гэж хэлэх гээд байна.

-Та Газрын тухай хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байгаа. Энэ бүх асуудлыг тусгасан гэж ойлгож болох уу?

-Газрын тухай асуудал дээр би үнэхээр сэтгэл, санаагаа чилээн ажиллаж байгаа. Энэ салбараар мэргэшсэн эрдэмтэдтэй хамтран хуулийн төсөл боловсруулж байна. Гэхдээ энэ талаар одоохондоо мэдээлэл өгөх болоогүй. Ямартай ч улс эх орноо гэсэн сэтгэлтэй эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна.

-“Оюутолгой” төслийн II үе шат эхлэхээр болсон талаар Засгийн газар болон “Рио тинто” группын зүгээс мэдэгдэж эхэлсэн. Энэ бүхний цаана Монголын Засгийн газар “Рио тинто”-д бууж өгч, анхны хөрөнгө оруулалтын нэмэгдэл болон татварын асуудлыг тэдний хүссэнээр шийдсэн гэсэн хардлага байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-"Рио тинто"-д ногдуулсан 138 сая төгрөгийн татварыг 30 сая төгрөг болгож бууруулсан гэдэг мэдээлэл дээр дүгнэлт хийхэд Монголын Засгийн газар “Рио тинто" группээс хэзээ ч татвар авч чадахгүй гэдгийг илтгэж байгаа нэг хэлбэр юм. Монголын төр, төрийн зүтгэлтэн байдаг юм гэдгийг Монголын Засгийн газар. сайд нар өөрсдөө үгүйсгэчихлээ.

“Рио тинто” группэд шалгалт хийж, татвар ногдуулсан мэргэжилтнүүдийг би үнэхээр хүндэлж байна. Харин тэдний удирдлага ийм арчаагүй байж болохгүй гэж хэлмээр байна. Бид түүхийн өмнө хариуцлага үүрнэ. Аудитын ажлын хэсэгт орж ажилласан хүмүүст над шиг баярлаж байгаа хүн олон байгаа байх гэдэгт итгэж байна.

Харамсалтай нь энэ хүмүүсийн хөдөлмөрийг Засгийн газар нь "Рио тинто"-той нийлж байгаад үгүйсгэчихлээ. Нөгөөтэйгүүр, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт дээр буулт хийж,  олон тэрбум ам.долларын зээл авахыг “Рио тинто" группэд зөвшөөрснөөрөө Монголын Засгийн газар Монгол Улсыг дэлхийн 16 банкинд барьцаанд тавихыг зөвшөөрсөн хэрэг боллоо.

Монгол Улсыг дэлхийн 16 банкинд барьцаанд тавихыг зөвшөөрсөн хэрэг боллоо.

Үүнийг би ойрын үед баримттайгаар дэлгэж тавих болно. Энэ бол ганцхан бидний биш бидний ирээдүй, үр хүүхдийн ямар амьдрах вэ гэдгийг шийдэх түүхэн шийдвэр байсан.

Цаашид “Оюутолгой" ордоос бид ямар ч ашиг авахааргүй дүр зураг харагдаж байна. Үүнийг Засгийн газар болон 'Рио тинто'-гийнхон тайлбарлахдаа “Рио тинто” Монгол Улсад валют оруулж ирэхээргүй болголоо гэж хэлж байсан хүмүүс буюу Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг муулж байсан хүмүүсээс боллоо” гэж хэлж, ярьж ойлгуулж байгаа нь харамсалтай.

Энэхүү мэдээллээр олон түмний тархийг угаахын тулд “Рио тинто”-гийн пиарчид асар их мөнгийг зарцуулж байгаа. Үүнийхээ төлбөрийг тэд Монгол Улсын баялгаас гаргаж авч байгаа учир хайрлах шаардлагагүй юм.

Өөрөөр хэлбэл, хэд дахин өссөн анхны хөрөнгө оруулалт гэдэгт монголчуудын тархийг угаахад зарцуулагдаж байгаа мөнгө гэсэн үг. Энэ бол монголчуудыг доромжилж байгаа хамгийн тод жишээ. Эрх баригчид маань үүнийг ойлгож байгаа ч ойлгоогүй мэт дүр эсгэхээ болиосой. Ард түмэн маань энэ бүхний цаана юу болж байгааг ойлгоосой.

                                  -Ярилцсанд баярлалаа

ШИНЭ МЭДЭЭ