Би “Хүн бол бурхан биш” гэсэн зарчмаар ажилладаг
Ж.Эрдэнэбат: Улсын Их Хурлын гишүүн
2012.12.12
Эдийн засаг, Худалдаа

Би “Хүн бол бурхан биш” гэсэн зарчмаар ажилладаг

-Өнөөг хүртэл зарим айм­гийн Засаг даргыг то­милоогүй байна. Гэтэл орон нут­гийн төсөв хэлэлцэх хуга­цаа өнгөрчихлөө. Энэ байдал орон нутгийн цаашдын аж­лыг цалгардуулахгүй юу?

-Энэ байдал аймгуудад хүнд­рэл авч ирнэ. Орон нутгийн төсвийг арван­хоёр­дугаар сарын 5-ны дотор аймгийн ИТХ-аар батал­сан  байх ёстой. Улмаар сумынхыг ИТХ нь бас хэлэлцэн, батлах ёстой.

Гэтэл өнөөдрийг хүртэл Иргэдийн хурал нь хурал­дахгүй, Засаг дарга нар нь томилогдохгүй байгаа нь орон нутгийн төсвийг удаашруулж байна гэсэн үг. Энэ нь цаанаа ихээхэн хор уршиг­тай.

Өмнөх онуудынхтай адил төсөв байсан бол өнгөрсөн оны жишгээр үргэлжлүүлээд явах боломжтой. Гэтэл Төсвийн тухай хуулийн шинэ­чилсэн найруулга 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гээд заачихсан шүү дээ.

Тиймээс энэ шинэ хууль мөрдөгдөх гэж байхад  урьд­чилж заавал  хурлаа хийсэн байх шаардлагатай. Хамгийн гол нь, хуульдаа нийцсэн төсөв хийх ёстой шүү дээ. Аймгийн ИТХ болоод сумдад тоогоо өгнө, сум дахин мөнгө хуваарилалтаа хийнэ. Ирэх жилээс Орон нутаг хөгжүүлэх сангийн хэлбэрээр тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилагдаж байгаа.

Энэ хөрөнгө сум, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, ард иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэхийн төлөө ажил хийхэд зориулагдах ёстой. Тийм байхад хаана, хаанаа учир зүйгээ олж  чадахгүй, удирдлагууд нь томилогдохгүй байна. Хэрвээ энэ байдлаар удвал Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлнэ гэж яриад ч хэрэггүй.

-Зарим аймаг өмнөх намын­хаа боловсруулсан төс­­вөөр явахаас  өөр арга­гүй байдал үүсээд байх шиг?

-Төсвийн тухай хууль бараг 100 хувь шинэчлэгдсэн. Өөрөөр хэлбэл, үеэ өнгө­рөө­сөн, хуучин зүйлээр шинэ юм хийнэ гэж байхгүй, хэцүү. Тухайлбал, Сэлэнгэ айм­гийн хувьд МАН олонх бол­сон.

Удирдлагын ажил хийж байсан хүмүүс нь улираад сонгогдвол мөрийн хөтөлбөр үргэл­жилнэ. Бодлого, чиглэлийн хувьд өмнө нь хийж байсан учраас хүндрэл багатай. Харин бусад аймагт нэг улстөрийн хүчин байснаа өөр нам ялсан тохиолдол бишгүй бий. Тэгвэл улстөрийн намуудын гол хийх ажил нь ялалт байгуулсан тохиолдолд өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэг­жүүлэх явдал. Гэтэл бүтэн нэг жилийг нь өөр улстөрийн хүчний боловс­руул­сан чиглэлээр төсвөө хэлэл­цэн батлах хэцүү. Харам­салтай биз дээ.

-Тэгвэл  хуульд сон­гуультай жилийн төсөв батлах хугацааг хойш татах заалт хийчихэж болдоггүй юм уу?  

-Төсвийн тухай хуулиас илүү Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой. Сая сон­гууль арваннэгдүгээр сарын 21-нд болсон. Аймгийн удирд­лагуудаа ч сонгоогүй байхад нь он гарчихаж байна.

Ялалт байгуулсан улстөрийн хүчин ард түмэнд  ярьж, таниулаад  явсан хөтөлбөрөө маш бага хугацаанд төрийн бодлогод тусгах, хэрэг­жүүлэх боломжгүй болчихож бай­гаа юм. Уг нь төсвөөрөө дам­жуулж төрийн бодлогоо хэрэг­жүүлэх ёстой. Хүйтний улиралд сонгууль зохион бай­гуу­лахаар сонгогчдын ч идэвх муу, ирц хүрэхгүй байгаа нь сая харагдлаа. Тиймээс иргэ­дэд чирэгдэлгүй, улсын төсөв,   зардал хэмнэх утгаар нь хуга­цааг урагшлуулах нь зүйтэй.  

-Орон нутгийн сон­гуулийн үеэр УИХ-ын дар­гын захирамжаар гишүүд ирэх дөрвөн жилийн ажлын төлөвлөгөө боловс­руул­сан. Гэхдээ ихэнх нь сур­тал­чил­гааны ажилд оролцсон бо­лов уу гэсэн хар төрөөд байгаа. Харин таныг  их өвөрмөц байд­лаар ажилласан сураг сонслоо?

-Би аймгийн Засаг дарга байхдаа ч “Хүн бол бур­хан биш” гэсэн зарчмаар ажил­­лаж ирсэн. Яагаад гэвэл хийх зүйлээ бүгдийг нь мэддэг гэх ойлголт байхгүй. Тийм боломж ч байх­гүй. Тэгээд ч аливаа ажлыг тухайн орон нутагт амьдарч, ажиллаж байгаа хүнээс илүү мэдэх хүн үгүй. Тиймээс иргэдийнхээ саналд тул­гуурлан хамт олонтойгоо ярил­цаж, зөвшилцөн, ажлаа төлөв­лөдөг байлаа.

Тэр ч утгаараа УИХ, Засгийн газрын  шийдвэр надад хүндрэлтэй байгаагүй. Газар дээр нь очихоор хугацаа их зарцуулдаг хэрнээ харьцангуй бага хүнтэй уулздаг. Жижгэвтэр сумдад 80-150 хүн ирдэг бол томоохон суманд 500 орчим иргэн ирдэг. Тэд маань нийгмийн идэвхтэй хэсэг нь шүү дээ. Харин энэ удаа аймаг, тойргийнхоо бүх иргэнд хандъя гэж бодсон юм. Өрх бүртээ хандаж, ил захидал илгээсэн. Хариугаа намын болон өөрийн бие төлөөлөгчдийн цахим хаяг, утас, факс, шуудангийн хаягаар хүлээж авахаар ил захидалдаа дурдсан байгаа. 

-Хариу ирж байна уу?

-50 гаруй мянган ир­гэнээс хариу ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд бүтэн тойроход 10-13 мянга орчим хүнтэй уулзсан байдаг. Харьцуулаад үзэхэд тав дахин үр дүнтэй ажил­ласан гэж бодож байгаа. Одоо­гоор хариунуудыг цэг­цэлж байна.

Мэдээж хүн бүхэн янз бүрийн санал ирүүл­сэн. Зарим нэг нь том хэм­жээний зүйл хүсч байхад нөгөө нэг нь шууд хувийн амьд­ралтайгаа холбоотой асуудал уламжилсан байх жишээтэй. Бүгдийг нь нэгтгэж бай­гаад сумын удирдлагын хэм­жээнд аль асуудлыг өгөх вэ. Аймаг юуг нь хариуцах вэ.

УИХ, Засгийн газрын түв­шинд алийг нь шийдэх вэ гэсэн эрэмбэ тогтооё гэж бодож байгаа. Ингэснээр хийх ажлын төлөвлөгөө ч тодор­хой болно. Иргэдээс хам­гийн их ирүүлсэн са­налыг тэргүүнд нь тавих маягаар төлөвлөнө дөө. Энэ олон санал хүсэлтээс ажил хэрэг болгомоор  олон санаа, оноо олж хараад байна. 

ШИНЭ МЭДЭЭ