С.Ганбаатар: Татварын хөнгөлөлтөөр 4,6 тэрбум ам.доллар бэлгэлчихлээ
Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Ганбаатар.
2012.12.10
Уул уурхай, Ашигт малтмал

С.Ганбаатар: Татварын хөнгөлөлтөөр 4,6 тэрбум ам.доллар бэлгэлчихлээ

“Оюутолгой” төслийн гэрээг оөрчлөх талаар нэлээд удаан ярьсан. Халз мэтгэлцээн ч зохион байгуулсан. Гэвч өдийг хуртэл шийдэлд хүрээгуй л байна. Xалз мэтгэлцээний дараа сайн муу олон зуйлийг ярьсаар байгаа. УИХ-ийн гишуун С.Ганбаатартай ярилцлаа.

-Оюутолгой төслийн гэрээг өөрчлөх гол зорилго юу вэ. Магадгүй “Оюу-толгой” төслийн хөрөнгө оруулагчид гарчихвал гарах үр дагаварыг хэн хариуцах вэ?

-Манай улс 21 жил ямар ч ногдол ашиг авахгүй байхаар гэрээ хийсэн. Мөн найман жил 100 хувь, хоёр жил 50 хувийн татвар авахгүйгээр гэрээ зурсан байна. Энэ бүхнийг мөнгөөр тооцоод үзвэл манай улсын хувьд огт ашиггүй болж байгаа юм. Магадгүй тэд “роялти” ашиг гэж хэлэх байх. Гэвч энэ нь өгөх ёстой зүйл шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгөн урсгалын 90 хувь нь Монгол Улсад ордог. 75 тэрбум төгрөг буюу 10 хувийг Орост өгдөг. Бид энэ гэрээг ашигтай болгох тухай ярьж байна. Гэрээг анх байгуулахад нэг унц алт 570-650 ам.долларт хэлбэлзэж байсан. Одоо 1800 ам.доллар гараад явж байна. Гэтэл энэ хугацаанд алтны үнэ 2.5 дахин өсчихөөд байхад энэ зөрүүгээс орж ирэх ашиг нь бүгд “Оюутолгой” төслийнх болж байгаа юм.

Энэ хугацаанд тэр төслийн тоног төхөөрөмж өсөөгүй биз дээ. Тиймээс орж ирж байгаа ашгийн ядаж 50 хувийг нь манай иргэд хүртэх боломж бий юу гэж асуугаад байгаа юм. Мөн зэсийн ханш  4000 гаруй ам.доллар байсан бол одоо 8000 гарсан байна. Зэсийн ханшийн зөрүү болох 4000 ам.долларын ашгаас бид хүртэх боломж байна уу гэж асуулаа. Мэдээж тэд өөрсдийн хэрэглэж буй тоног төхөөрөмж, түлшний үнийн өсөлтийн тухай ярих байх. Гэвч энэ бүхэн дэлхийн зах зээл дээр унаж байгаа шүү. Хэрэв “Оюутолгой” төслийнхөн манай улсаас гарна гэж байгаа бол үүгээрээ бидний айлган, дарамталж байгаа хэрэг. Уго Чавес ч мөн улсаа хамгаалсных нь төлөө олон компаниуд гарлаа гэж сүрдүүлж байсан ч тэд гарч явалгүй өнөөг хүртэл ажилласаар байгаа.

-Ер нь “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-иас болж хөрөнгө  оруулагчид манайх руу хандах хандлага эрс буурч байгаа тухай ярьдаг. Хөрөнгө оруулагчид харзнасан байдалтай байгаа энэ үед энэ асуудлыг хөндөх нь зөв үү. Эдийн засаг хүвд байгаа үед маргаан дэгдэж байгаа нь манай улсын эдийн засагт болон иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх бол?

-Тэгвэл би таг дуугай байгаад ямар ч ашиггүй гэрээний золиос нь Монголын ард түмэн болвол хэн хариуцлага үүрэх вэ. Ард түмэн мэдсээр байж дуугай байх ёстой юу. Өнөөдөр харсаар байхад зөвхөн татварын хөнгөлөлтөөр 4.6 тэрбум ам.долларыг бэлэглэчихэж байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Ийм их хэмжээний мөнгийг алдаж байгаагийнхаа төлөө ядаж 50 хувийг нь буцаагаад бидэнд өгчих гээд хэлчих эрх баялгийн эзэд бидэнд байхгүй юу. Бид “Оюутолгой”-нхныг  манай улсаас гараад яв гэж хэлээгүй. Энэ гэрээг илэн далангүй, нааштай болгох талаар яриа хийж болох уу гэж л ярьдаг.  Гэтэл бид яриа хийе гэж хэлэх эрхгүй ард түмэн юмуу. “Оюутолгой”-г гараад явчих вий гэж айсаар золиос болох ёстой юу.

Энэ  68 жил үргэлжлэх татвар. Хүүнд нь 15 тэрбум ам.долларыг төлж байгаа нь энэ төслийн эхний хөрөнгө оруулалтыг гурав дахин нэмж төлсөн хэрэг.

Тиймээс бид ломбардын хүүний өрөнд орчихлоо гээд байгаа юм шүү дээ. Бидний ордыг ямар ч үнэ цэнэгүйгээр бэлэглэчихээд байгаа. Ийм байхад бид ярихгүй байх ёстой юу. “Оюутолгой” төсөл хэзээ ч манай улсаас гарахгүй гэдгийг би баталж чадна.

-За тэгвэл ингэж мэтгэлцсэний дүнд “Оюу-толгой” төслийн гэрээг шинэчлэх хүртэл хэдий хугацаа орох бол?

-Биднээс шалтгаална.

-Яагаад?

-Гадныхны гар хөл, золиос болсон, толгой нь өтсөн зарим улс төрчийн гайгаар хугацаа хойшилж магадгүй. Ямартаа ч үр дүн гарна. Яагаад гэвэл үүнийг ярьж байгаа улс төрчдөөс илүү “Рио Тинто”-гийн эзэд, манай Засгийн газар хоёр нэг ширээний ард суугаад ярилцах хэрэгтэй. Харин энэ ярилцлагад хоёр талаас эрдэмтэн шинжээчдийг оруулах ёс той.

Энэ удаагийн маргааныг энгийнээр тайлбарлахад нэг сонины газрыг хоёр тал гэрээ хийгээд авчээ. Гэтэл гэрээний заалтад тус хэвлэлийн газрын цаасны үнийг огт тооцоолоогүй байж. Тэгвэл компанийн эзэд цаасаа үнэлүүлэх тухай ярина биздээ. Ийм л юм “Оюуголгой” дээр болоод байгаа юм шүүдээ.

-Яагаад ганцхан “Оюутолгой” гээд байгааг тань сонирхож болох уу. Өөр ижил төстэй компаниуд байгаа. Эдгээр компаниудын асуудлыг хөндөж боддоггүй юм уу. С.Ганбаатар гэдэг нөхөр ашиг сонирхлын зөрчлөөр асуудалд хандаж байна гэх хардлага байна?

-Тэгж бодож байгаа хүмүүст баярлалаа. Хамгийн сайн хууралт бол чин сэтгэлээсээ байх. Мэдээж “Оюутолгой” руу дайрахгүйгээр өөр бусад болохгүй байгаа газрууд руу орж болно. Гэвч би тийм хязгааргүй их хүчтэй биш шүү дээ. Ганц “Оюуголгой”-н ард гарч чадахгүй л зүтгэж байна. Яагаад энэ төслийг барьж авсан бэ гэвэл энэ нь барууны стандартаар орж ирж байгаа анхны томоохон хөрөнгө оруулалт. Тиймээс үүнийг ном дүрэмд нь оруулбал бусдад загвар, жишиг болно. Тэгэхээр бид ашигтай ажиллахын тулд анхны ажлаа л зөв замаар явуулах нь чухал. Ийм нарийн зүйлийг бодож байгаасай гэж хүсч байна.

-Хэрвээ “Оюутолгой” манай улсаас гараад явбал эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Ямар ч нөлөө үзүүлэхгүй. Харин ч үүний ард түүнээс ч илүү сайн хүн олох магадлал ихэснэ. Манайд хөрөнгө оруулалт хийхийг хүсч буй компаниуд дугаарлаад зогсоно гэж хэлмээр байна. Дэлхийд ганцхан “Рио Тинто” байдаг юм шиг санаж болохгүй.

-Эдийн засаг хүнд байгаа үед “Оюутолгой” гарчихвал яанаа гэсэн айдас хүмүүст байна. Тэгэхээр та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Мэдлэггүй, мэдээлэлгүй хүн хамгийн их хардамтгай, айдастай байдаг. Хамаг юмны гацаа боддог. Монголын ард иргэд зөнгөөрөө буруу яваад байгааг мэдэж байгаа. Үнэхээр “Оюутолгой”-г гараад явчихвий гэж айгаад байвал шинжээчдийн дүгнэлт гаргуулж аваач, болно шүү дээ. Яагаад мэдэхгүй зүйлийнхээ төлөө айгаад суутаад байгаа юм бэ. Энэ гэрээг байгуулсныхаа дараа муулаад байгаа юм биш. Би байгуулахаас нь өмнө зөндоо л хэлж байсан.

-Оюутолгой төсөл энэ оны зургаадугаар сард үйддвэрлэлээ эхэлнэ гэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үйддвэрлэлээ эхлэхгүй байгаа нь энэ тогтворгүй байдал нөлөөлөөд байна уу гэж харж байна. Үнэхээр хугацаа алдах бүрт л манай улс алдагдал хүлээх юм бол ингэж гацаагаад байх хэрэг байна уу?

-Хэн зогсоогоод байгаа юм бэ. Бид сандраад байна гэдэг тархи угаалтад ороод байж болохгүй. “Оюутолгой” төслийнхөн ном дүрмээрээ л ажиллаж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд дөрвөн тэрбум ам.долларыг оруулна гэж заасан Харин ТЭЗҮ-дээ 5.1 гэсэн харин одоо ярихдаа 6.3,7.1,7.8 болгочихсон. Үүнийгээ ил тод хэлээч гэж байгаа. Энэ буруу шүү гэж хэлсний төлөө тэр компаний эксковатор гацаад, хүрз жоотуу нь хугараад байгаа юм уу. Ийм зүйл байж болохгүй биздээ. Тэгэхээр эрүүлээр сэтгэж ярих л хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ