МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.07.03
Эдийн засаг, Худалдаа

Д.Энхтүвшин: Төсвийн алдагдалаа хэрхэн нөхөх гэж байгаа вэ?

УИХ-ын чуулганы 2025.07.03-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын  Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин асуулт асуулаа. 

2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр 2025 оны төсвийг 1,3 их наяд алдагдалтай байхаар тэнцвэржүүлсэн төсвийг оруулж ирсэн байна. Төсвийн алдагдлыг яаж нөхөх гэж байгаа вэ? Бид хэдийгээр жагсаалтын гишүүн ч гэсэн сонгогчидтойгоо уулздаг. Дорнод аймагт бизнес эрхлэгчидтэй уулзаж байхад төсөв алдагдалтай батлахаар татварын байгууллагуудаас татварын өр нэхэж данс хааж үйл ажиллагаа зогсоодог хандлагууд нэмэгддэг. Төсвөө та бүхэн алдагдалгүй баталж өгөөрэй гэж гуйж байсан. Энэ удаа төсөв маань буцаад алдагдалтай болж байна. Өнгөрсөн хугацаанд ААН-үүдийн санхүүгийн байдал нэлээн сайнгүй байгаа. Данс хаах үйл явдал 2020 онд татвар болон нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой 753 данс хааж байсан бол 2024 онд 22813 тохиолдол гарсан байна. Өөрөөр хэлбэл 5 жилийн дотор 30 дахин нэмэгдэж байгаа. Нөгөө талаараа үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ын 21 хувь нь татвараа төлөхгүй дансаа хаалгах ийм  нөхцөл байдалд хүрч байгаа юм. Мөн татварын өр сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа. 2020, 2024 оны өрийн харьцааг харьцуулахад 4,7 их наяд буюу 5 жилийн дотор татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өр нэмэгдсэн байгаа юм. Тэгэхээр төсвийн алдагдалтай батлагдсантай холбоотойгоор ААН-үүд дээр данс хаах үйл ажиллагаа ямар байх вэ? Мэдээж хуулийн гүйцэтгэл өр байгаа болохоор төл гэж шаардахгүй байх. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ өрүүд 4 дахин нэмэгдсэн байгаа. Татварын данс хаадаг үйл ажиллагаа 30 дахин нэмэгдсэн байгаа. Энэ байдалд төсвийн алдагдал яаж нөлөөлөх вэ? 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ