Х.Нямбаатар: Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилтийн олон төрөл, хэлбэрийг ашиглаж байна
2025.07.09
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Х.Нямбаатар: Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилтийн олон төрөл, хэлбэрийг ашиглаж байна

Монголын эдийн засгийн форум-2025 энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Төрийн ордонд болж байна. Өнөөдөр форумын хоёрдугаар хуралдаанаар “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт “Тэнгэр” телевизийн гүйцэтгэх захирал Ч.Ундрал модератор, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, “Кроссрэйл Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пол Дайсон, Их Британийн Экспортын санхүүжилтийн газрын глобал бизнес хариуцсан хамтран удирдагч Эмма Томас, Азийн хөгжлийн банкны Ерөнхий эдийн засагч Алберт Парк нар панелистаар оролцов.

Хотын дарга Х.Нямбаатар:

Би хотын даргаар ажиллаад 1 жил 8 сар болж байна. Энэ хугацаанд дотоод, гадаад зах зээлд бонд гаргах зэргээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн олон төрөл хэлбэрийг ашигласан. Хамгийн энгийн жишээ л гэхэд Нийслэлийн авто замын санд замын засвар шинэчлэлтийг хангалттай хэмжээнд хийх боломжит мөнгө төвлөрдөггүй. Тиймээс бид дотоод бонд гаргаж, хотын нийт замуудыг бүхэлд нь шинэчлээд бараг дуусаж байна. Жилд нэг дор 200 орчим км зам засаж, шинэчлэх хэмжээний чадамжтай компани ч ховор байсан.

Хотын нийт замуудыг бүхэлд нь шинэчлээд бараг дуусаж байна

Эдгээр ажлуудыг хийсний хүчинд дотоодын компаниуд ч тэр техник болоод боловсон хүчний хувьд ч илүү хөгжсөн. Энэ жил бид барилгын салбарын компаниудаа илүү дэмжих чиглэлд ажиллаж байна. Тухайлбал Сэлбэ, Ханын материал, Баянхошуу, Баянголын ам гээд олон байршилд бүтээн байгуулалтын ажлууд явж байна. Явган хүний замыг сүүлийн жилүүдэд шинэчлэх ажлыг орхигдуулсан. Бид энэ жил 14 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар хийж байна. Энэ ажлыг дотоодын компаниудаа дэмжих үүднээс зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргуулж, дотоодод үйлдвэрлэсэн чулуугаар явган хүний замыг хийж байна. Улаанбаатар метро төслийн хүрээнд ШУТИС дээр 2+2 хөтөлбөр энэ жилээс хэрэгжиж байна. Бидний хийж буй ажлууд эцсийн дүндээ дотоодын аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдээ дэмжих, боловсон хүчнээ чадавхжуулах чиглэлд явж байна гэж ойлгож болно.

ШИНЭ МЭДЭЭ