
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нарын 89 гишүүнээс өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд хуулийн төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдгийг эшлэв. Мөн Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.” гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал цөөнхийн төлөөллийг оролцуулан Улсын Их Хурлын тогтоолоор байгуулна.” гэж тус тус заасныг төслийнхөө танилцуулгын эхэнд дурдсан.
Оюутолгой төслийн асуудал нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудал бөгөөд дээрх хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь буюу 89 гишүүн энэхүү асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж буйг онцлов.“Жавхлант”, “Шивээ толгой” стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд Монгол Улс төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ”-ний 11.3(ё)-д 7 жил тутам Санхүүжилтийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх заалтыг хэрэгжүүлж, 2025 онд багтаан хүүг бууруулах арга хэмжээг авахад Улсын Их Хурлын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах нэн чухал байгааг О.Батнайрамдал гишүүн танилцууллаа.
Үүний тулд Улсын Их Хурлаас “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг тэнцвэрт мэдээллээр хангах арга хэмжээ авах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Иймд “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр асуудлаар дагнасан хяналт, шалгалт эрчимтэй явуулах, цуглуулсан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулж, иргэдийг мэдээллээр хангах, тайланг Улсын Их Хурлын 2025 оны намрын чуулганы ээлжит хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулахаар төслийг санаачлан боловсруулсан байна.