МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье
2025.06.01
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье

Эрхэм хүндэт ээжүүд, хайртай бяцхан үрс Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Хүүхэд бол бидний итгэл найдвар, гэр бүлийн гэрэл гэгээ, эх орны минь үнэт баялаг билээ. Монгол Улсын Үндсэн хуульд “ГЭР БҮЛ, ЭХ ХҮҮХДИЙГ ТӨР ХАМГААЛНА” гэж заасан нь хүүхдийн эрх, аюулгүй орчин, зөв хүмүүжил, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хангах нь Монгол төрийн хуулиар хүлээсэн эрхэм үүрэг гэдгийг тодотгож байна.

Өнөөдөр инээд хөөрөөр бялхаж буй бяцхан үрс маань маргаашийн ухаан төгөлдөр Монгол иргэн болж, улс орныхоо ирээдүй хойчийг залгамжилна. Иймд тэдний сурч боловсрох орчин, хөгжих боломж, эрх тэгш оролцоог хангах нь зөвхөн гэр бүлийн төдийгүй төрийн бодлогын цөмд байх ёстой.

Энэрэл хайраар тэтгэгдэн өсөж буй хүүхэд бүр Монголын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлно гэдгийг бид үргэлж санах учиртай. Тиймээс миний бие Улсын Их Хурлын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулсан “Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судлах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг”-ийг ахлан ажиллаж байна. Бидний зорилго бол Монгол гэр бүл бүрийг дэмжиж, үр хүүхдээ өсгөх амьдралын орчныг бодлогын түвшинд илүү сайжруулахыг зорин ажиллаж байна.

Бидний үрсийн инээмсэглэлээр ертөнц гэрэлтдэг. Тиймээс эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эерэг хүмүүжилтэй иргэдийг төлөвшүүлэх үйлсэд иргэн, гэр бүл, төр гэсэн гурван талын хамтын оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэе.

Та бүхэн эрүүл энх, аз жаргал, амар тайвнаар бялхаж, үр хүүхдийн тань ирээдүй гэгээн байхын ерөөл өргөе!

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.
Хүндэтгэсэн: УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА

ШИНЭ МЭДЭЭ