
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцууллаа.
Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их Хурал 6 дугаар сарын 01-ний дотор батална” гэж тус тус заасны дагуу төслийг боловсруулсан гэв. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн тус төслийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудын шаардлагад нийцүүлэн болохыг тодотгосон.
Мөн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-үүдийг Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтын шалгуур үзүүлэлттэй уялдуулжээ.Дунд хугацаанд макро эдийн засаг харьцангуй тогтвортой байх боломж өндөр байгаа хэдий ч дэлхий дахинд үүсээд байгаа тодорхой бус байдлын нөлөөгөөр нүүрс, зэс зэрэг манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байгаа гэлээ. 2024 онд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулах үед уул уурхайн гол бараа, бүтээгдэхүүний үнэ унах эрсдэлийг тооцсон бөгөөд сөрөг нөлөөллийг харьцангуй бага байлгах хүрээнд хил, гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, цаашилбал экспортыг төрөлжүүлэх тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг дурдсан.
Засгийн газар түүхий эдийн үнийн эрсдэлээс гадна ган, зуд зэрэг байгаль, цаг уурын эрсдэл, нийлүүлэлтийн гаралтай инфляцын шок үүсэх эрсдэл, эрчим хүчний хязгаарлагдмал байдал, хилийн боомтууд дээр тээвэр логистикийн саатал бий болох зэрэг эрсдэлийн боломжит нөлөөллийн талаар тооцон эрсдэл тохиолдох үеийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж байгааг Шадар сайд танилцуулсан.
2025 онд гадаад эрсдэлээс үүдэлтэй эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл хүчтэй байгааг тэмдэглээд нүүрсний үнэ энэ оны I улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буураад байгааг танилцуулсан. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар бага байгаа аж. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэйг онцоллоо. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар том төслүүдийг оновчтой, үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах боломжтой хэмээн Засгийн газар үзэж буйг тэмдэглэв.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлэх аж.
Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэж байгааг Шадар сайд танилцууллаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
ШИНЭ МЭДЭЭ

