
"Гуравдагч хөрш" БНФУ-тай иргэний аюулгүй байдал, хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өчигдөр (2025.04.16) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын “Гуравдагч хөрш”, Европ дахь дотны итгэлт түншийн нэг БНФУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилт гэдгийг тэмдэглэв.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа хоёр орны хамтын ажиллагааны эрчийг бэхжүүлэн хадгалж, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Францын харилцааны түвшнийг стратегийн түншлэлд хүргэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.
БНФУ-ын Элчин сайд Коринн Пэрера Да Силва хамтын үнэт зүйлсэд тулгуурласан хоёр орны харилцааг улам идэвхтэй өргөжүүлэхэд парламентын найрамдлын бүлгүүд чухал ач холбогдолтойг онцлон цаашид хамтын ажиллагаа илүү өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр хоёр улсын хооронд эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдээс гадна иргэний аюулгүй байдал, хот байгуулалт, нийтийн тээвэр, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг онцлон тэмдэглэлээ.
Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ШИНЭ МЭДЭЭ


