2025.04.17
Улстөр
А.Ариунзаяа: Сонгуулийн сурталчилгаа 18 хоног биш ил далд хэлбэрээр он гаргаад хагас жилийн хугацаанд үргэлжилдэг
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Дунд суудлын цэцийн шийдвэрийг хүлээн авахыг тухайн үед би эсэргүүцэж байсан. Үндсэн хуулийн 23-р зүйлийн 2-т гишүүний бүрэн эрх хэзээ эхлэх, хэзээ дуусахыг заасан. Сонгуулийн дараа тангараг өргөөд дараагийн гишүүн эсвэл өөрөө тангараг өргөснөөр бүрэн эрхийн хугацаа дуусна гэж байгаа. УИХ-ын тухай хуулийн 8.1.26-д УИХ-ын гишүүн сонгогчдод ажлаа тайлагнаж, үйл ажиллагаагаа мэдээлэхдээ уулзалтууд хийх эрхтэй гэдэг үүднээс аливаа УИХ-ын гишүүний сонгогч иргэдтэйгээ уулзсан уулзалтыг сонгуулийн үйл ажиллагаанд хамааруулахгүй гэдэг анхны философи бол байсан. Ажлын хэсгээс аливаа этгээд гээд нээлттэй болгоод оруулж ирж байгаа нь сонгуулийн сурталчилгааны 18 хоногийг үгүйсгэж байгаатай нэгэн адил байна. Сурталчилгаа бол ил, далд хэлбэрээр, он гаргаад хагас жилийн хугацаанд явах юм шиг харагдаж байна. Энэ хуулийн зохицуулалтуудыг томоор нь эргэн харах хэрэгцээ шаардлага үүсэх нь. Сонгуулийн тухай хуулийг эргэж харахгүй бол агуулгын зөрчилтэй зохицуулалт орж ирж байгаа харагдаж байна. Аливаа этгээд гэж хэнийг хэлэх вэ? Ажлаа тайлагнана гэхээр ажил төрөлтэй хүнийг хэлэх үү? Иргэдтэй уулзсан уулзалт гэхээр, хаана ч очсон тухайн иргэдэд хамааралгүй ажлынхаа тайланг тавина гэсэн үг үү? Энэ яана гэсэн үг вэ?
Түүний асуултад Ц.Сандаг-Очир хариуллаа.