“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Хангайн бүсээс эхэллээ
2025.04.14
Орон нутгийн хөгжил

“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Хангайн бүсээс эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгаж, бүсийн зөвлөл анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг өнөөдөр Архангай аймгийн “Ара арена” цогцолборт зохион байгуулж байна.

Энэхүү Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаанаар:

  • Хангайн бүсийн хөгжлийн төлөвлөгөө,
  • Хангайн бүсийн тэргүүлэх төслүүд,
  • Хангайн бүсийн зөвлөл, засаглал, эрх зүйн орчин,
  • Бүсийн онцлог, тэргүүлэх чиглэл,
  • Амьдралын чанар, тулгамдсан асуудал зэрэг олон талт асуудлыг хэлэлцэн нэгдсэн санал дүгнэлт гаргах юм.

Мөн орон нутгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг таниулах, шилдэг хоршоодыг алдаршуулах, орон нутгийн туршлага, санаачилгыг хуваалцаж, бизнес, төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах зорилготой үзэсгэлэн, танилцуулга хийгдэж байна.

Хангайн бүсэд Бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжсэнээр

  • Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно,
  • Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ,
  • Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ,
  • Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна,
  • Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ,
  • Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулах,
  •  Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах ач холбогдолтой юм.

ШИНЭ МЭДЭЭ