
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Монгол хүний СЭТГЭХ, БҮТЭЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ бий болгохыг зорьж байна
-ХЭРЭВ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ АШИГТ НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛАХААР ШИЙДВЭРИЙГ ХАМТАРСАН ЗАСГААС ГАРГАВАЛ ОГЦРУУЛАХ, СОЛИХОД АСУУДАЛГҮЙ БЭЛЭН-
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал. Тэрээр Хөвсгөл аймгийн уугуул. Санкт-Петербургийн Уул уурхайн их сургууль, Токиогийн Технологийн их сургуулийг дүүргэсэн. Нүүрсний технологич мэргэжилтэй. ХҮН намын гишүүн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
НЭГ: ТЭР ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ?
-Томсгосон тойргоор 126 гишүүнтэй болсон анхны парламентад инженер мэргэжилтэй хүн орж ирсэн нь олзуурхууштай сонголт болсныг олон нийт онцолдог. Парламентад суугаад бараг нэг жилийн нүүрийг үзэх гэж байна. Төлөөлж очсон хүн нь юу хийснийг, одоо юу хийж байгааг сонгогчид мэдэх эрхтэй. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Би бол хүнд үйлдвэрийн төслийн чиглэлээр мэргэшсэн инженер хүн. Тэр утгаараа УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хороонд ажиллаж байна. Мөн Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргын албыг хашдаг.
Нүүрсний технологийн чиглэлээр мэргэшсэн хүн учраас төмөр замын хил холболтын байгууламж, түүнтэй холбоотой нүүрсний хөнгөлөлттэй худалдан авалт, Биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ирэх гэж байгаа асуудлын хүрээнд би зайлшгүй дуугарах үүрэгтэй хүн. Парламентад иргэдийн болон салбарын төлөөлөл болоод сууж байгаа хүний хувьд. Тийм учраас энэ асуудал дээр нэлээд цаг хугацаа зарцуулж, идэвхтэй оролцож явна.
Нэг талдаа, Монгол Улсад хил холболт хийгдээд экспортын хэмжээ нэмэгдэх нь хэрэгтэй. Нөгөө талдаа бидэнд хэрэгтэй учраас бүх нөхцөл боломжийг, нөгөө талын шаардлагаар хүлээж аваад байж болохгүй юм. Монголын эрх ашиг гэж бий. Тэндээс олборлосон нүүрсийг сорчилж аваад хамгийн сайн чанартай нүүрсийг л өгөөд байж болохгүй. Үүнийг эсэргүүцэж, УИХ-ын тогтоолд тусгуулсан. Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдсэн. Цаашаа явна. Эцсийн дүндээ олон арав, зуун сая доллараар яригдах хэмжээний зөрүү сорчлох хэсгээс хамаараад бий болно. Нүүрсний технологич хүний хувьд Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж, чуулган дээр хэлэлцүүлж дэмжүүлсэн. Үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэчихлээ гэж бодож байна.
Инноваци, цахим бодлогын байнгын хороонд гол анзаарсан зүйл бол өмнөх байнгын хороод болон яам эрч хүчтэй, хурдтай, сайн ажилласан байдаг. Гэхдээ Монгол Улс төсвийн зарцуулалт, хяналт маш муутай. Одоо ч тийм байгаа, урд нь ч тэгж явж ирсэн. Цахим систем, программ хангамж, хиймэл оюуныг “Энэ чинь нарийн төвөгтэй зүйл, тиймээс үнэтэй” гэж төсөв тавиулдаг. Гэтэл тэр прогармм хангамжийн тал нь шахуу хэрэглэгддэггүй.
Мэдээж мэдээллийн технологиийн салбар хил хязгаар үл хамаарч дэлхийтэй холбогдох Монголын боломж учраас энэ салбарыг дэмжих хэрэгтэй. IT бизнес хийж байгаа залуус, старт-апуудыг дэмжих хуулийг өнгөрсөн жил баталсан. Одоо болтол хэрэгжээгүй. Дагалдах хуулиудад өөрчлөлт ороогүй гэх мэт шалтгаанаар. Ингээд харахаар хяналтын хуулиудаа хэрэгжүүлэх, мэдээллийн технологийг дэмжих гэж байгаа бол худлаа лоозон биш хэрэгждэг хууль бий болгох тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна. Салбарын залуустай ч байн байн уулзалт хийж, байр суурийг нь сонсч байна.
-Мэдээллийн технологийн салбарт төсөв тавиулдаг, үр ашиггүй, хяналтгүй гэлээ. Үүнийг яаж засч залруулж байна?
-Хангалтгүй. Жишээ нь, мэдээллийн технологи болон кибер аюулгүй байдлын чиглэлээр эдийн засгийн ангилал байгаагүй, Монгол Улсын төсөвт. Тиймээс хэдэн төгрөг хаашаа явж байгааг тогтооход хэцүү. Ангилалтай болгох тогтоолыг Засгийн газарт хүргүүлж, одоо Сангийн яам ангилал хийж байна.
Мэдээллийн технологийн бүх худалдан авалтад салбарын яам зөвлөмж өгөх ёстой ч ажил хэрэг болохгүй явж ирсэн. Одооноос зөвлөмж өгч, төсөв олгодог болж байна.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулйин дагуу Монгол Улсын төсвийн мэдээлэл улирал, сар төлөвлөгөө, гүйцэтгэл нь ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар цахим сүлжээнд тавигдаж байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх тогтоолыг гаргасан.
-Хэрэгжихгүй байх шиг харагдаж байна?
-Хэрэгжээгүй байна. Нэг анзаарч байгаа зүйл УИХ, УИХ-ын байнгын хорооноос гарсан тогтоолууд усанд хаясан чулуу шиг болдог үзэгдэл байна. Саяхан УИХ-ын Тамгын газраас хэрэгжилтийн тайлан гаргасан байсан.
Цаашдаа энэ асуудлыг нухацтай авч үзэж, сайд нар, Засгийн газартай хариуцлага тооцдог байхгүй бол тогтоол шийдвэр гаргаад мартчихдаг үзэгдэл байна.
ХОЁР: ЦААШИД ЮУ ХИЙХ ВЭ?
-Гурван жилийн дараа, парламентын гишүүний үүрэгт хугацаа дуусна. Тэр үед юу хийчихсэн байх, төлөөлсөн сонгогчдодоо бодит хэлэх үгтэй байхыг зорьж байгаа байх. Сонгогч ч гэсэн тэр үед танаас нэхэх зүйлтэй байх ёстой. Үүнийг одоо юу гэж харж байна?
-Монголчууд малчин, нүүдэлчин ахуйгаас бий болсон үзэл санаатай, амьдралын хэв маягтай, хандлагатай хүмүүс. Тэр нь монголчууд эрх чөлөөтэй, бие даасан байдлыг нэн тэргүүнд авч үздэг гэсэн үг. Аливаа улсын бодлого, эрх зүйн орчин, үндэсний онцлогт нийцсэн байх ёстой. Энэ утгаараа монгол хүний чөлөөтэй байдалд Монголын эрх зүйн орчин, эдийн засаг нийцсэн байх шаардлагатай. Яагаад гэвэл ахуй соёл, үндэсний онцлог, газар зүйн байрлал гэдэг улс үндэстний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог суурь өгөгдөл юм.
Газар зүйн байрлалын хувьд Монгол Улс Төв Азийн өндөрлөг, Хойд Азийн захад Орос, Хятад хоёр их гүрний дунд оршдог. Байгалийн өгөгдлөөрөө бид тусгаарлагдмал гэсэн үг. Үүнийг даван туулах дэд бүтцийн, эрчим хүчний, интернет мэдээллийн технологийн бодлого, татварын бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Жишээ нь, газар зүйн тусгаарлагдмал байдал Монгол Улсад бараа бүтээгдэхүүн өндөр өртөгтэй ирэх нөхцөл болдог. Үүнийг бид бага татвараар баланслуулж барих шаардлага бий болно.
Нөгөө талаар хүмүүсийн хувьд чөлөөтэй бүтээдэг, чөлөөтэй сэтгэдэг, чөлөөтэй үйлдэл хийдэг баймаар байна. Ийм эрх чөлөөтэй хүмүүс Монголыг бүтээж, хөгжүүлнэ. Иргэн баян бол улс баян гэдэг. Энэ бол чөлөөтэй бүтээх үйлдэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, би юм бүтээнэ. Би юм бүтээгээд мөнгө олно. Миний олсон мөнгө миний халаасанд үлдэнэ. Төсөв рүү бага явуулна, өөртөө илүү үлдээнэ гэж зорих ёстой. Үүнийг бий болгохын тулд Татварын багц хуулин дээр маш идэвхтэй ажиллаж байгаа.
-Гэхдээ татварын дарамт их байгаагаас бизнес хөгжихгүй байна шүү дээ?
-Татвар өндөр, улсын төсөв том байгаа учраас бүтээх эрх чөлөө хумигдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсын ДНБ-ий бараг 40 орчим хувь төсөв, эдийн засаг дахь төрийн оролцоо 80 хувь байна. Тэгэхээр энэ улсын эдийн засаг төвлөрсөн төлөвлөгөөтэй, улсын төсвөө дагаж бизнес нь хөгждөг. Тэр нь хязгаарлагдмал учраас бусад нь түүний гадна хаягддаг. Чөлөөт зах зээл хөгжихгүй байгаагийн илрэл юм.
Залуучууд мөнгө олохгүй бол Монголд байх сонирхол байхгүй. Жишээ нь, мэдээллийн технологийн компанийн залуучуудтай саяхан уулзахад Узбекстанд старт-апуудад татвар тэг, үнэгүй байртай, гаргасан бүтээгдэхүүн нь зах зээлд нийлүүлэхэд бодлогын дэмжлэгтэй, байр сав сууцны үнэ манайхаас хямд, уур амьсгал нь зөөлөн гэж байна. “Энд хийх гэж оролдож байхаар тийшээ явчихмаар юм биш үү” гэх утгатай зүйлсийг тэд ярьж байх жишээтэй. Тэгэхээр бид энэ дарамтыг л байхгүй болгомоор байгаа юм. Маш олон хууль дээр гоё гоё нөхцөлүүд заачихсан байдаг ч хэрэгждэггүй. Тэгэхээр шинэ хууль зохиохоос илүү хуулиа хэрэгжүүлэх чухал байна. Үүнд голлож анхаарахыг зорьж байна.
-Татвар бууруулах ямар нөхцөлүүд байж болох вэ?
-ААН-ээс 300 сая хүртэл төгрөгийн борлуулалттай байх юм бол 90 хувийг нь буцааж тооцоод нэг хувийн татвар авч байгаа. Тэгвэл ХАОАТ яг л ийм журмаар нэг хувь л байх ёстой. НӨАТ бүх нийтээрээ 5 хувь, НДШ үндсэн цалингаас л авна. Нэмэлт бүх орлогоос авдгийг болиулах. Түүхий эд боловсруулаад эцийн бүтээгдэхүүн гаргаж, экспорт хийхэд хөрөнгө оруулалтын тал хувь эсвэл 100 хувьтай тэнцэхүйц хэмжээний орлогын албан татвараас чөлөөлөх ёстой. Ингэж байж Монголд экспорт хөгжинө.
-Татварын ийм хөнгөлөлтүүд нийгэмд бол таатай сонсогдох ч яг бодит байдал дээр боломжгүй, төсөв тасарна гэж сэрэмжлүүлдэг. Ингэж бууруулж болох юм бол татварыг хаанаас нөхөж, бүрдүүлж болох вэ?
-МАН сонгуулийн үеэр төсвийг эдийн засгийн 25 хувьд хүргэнэ гэж амалсан. Түүнийг Үндэсний аудитын газар шалгаад болно гэсэн. Тэгэхээр болно гэсэн үг.
Орлого буурах юм бол зарлага буурч таарна. Янз бүрий урсгал зардал, хэрэгтэй хэрэггүй байшин савуудаа болих хэрэгтэй.
-Чөлөөтэй сэтгэх, бүтээх эрх чөлөөний тухай дээр дурдлаа. Энэ бол маш чухал зүйл. Ийм эрх чөлөөг бий болгож, хамгаалах ажлыг парламент хийх ёстой байх аа?
-Сэтгэх эрх чөлөө гэдэг ямар нэгэн юм хийж сэтгэхдээ айхгүй байх тухай юм. Үг хэлэх үзэл бодлоо хэлэхээс айдаггүй баймаар байна. Үзэл бодлоо хэлснийхээ төлөө эрүүгийн ял хүлээдэг явдал бол утгагүй зүйл. Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн ажлын хэсэгт орсон. Бүр зорьж орсон. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг хянадаг биш хамгаалдаг зохицуулалт дээр хандлагын, зарчмын өөрчлөлт оруулах шаардлагатай.
Монгол Улс ардчилсан нийгэм байгуулсан. Тиймээс иргэний оролцоо хамгийн чухал зүйл. Үүнийг бий болгохын төлөө юу хийх ёстойг харах гурван жишээ хэлье.
Нэгд, гадаадад 220 мянган монгол иргэн байна. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. Монголд хүн шиг хэрэгтэй зүйл байхгүй. Гадаадад байгаа монголчуудын гурав дахь үе гараад зарим нь монгол эх орноосоо хөндийрчихсөн. Тэднийг ойрхон болгохын тулд соёлын, янз бүрийн бодлого хэрэгтэй. Түүнээс гадна улс төрийн оролцоог нь бий болгох юм бол тэд наашаа эргэнэ. Улс төрийн оролцоог бий болгохын тулд сонгуульд оролцох оролцоог нь нэмэх нь чухал. Жишээ нь, Европын улсууд баталгаат шуудангаар сонгуулиа маш сайн өгдөг. Эсвэл цахимаар оролцож болно.
Гадаадад байгаа монголчуудыг сонгуульд цахимаар оролцох боломжийг Инноваци цахим бодлогын байнгын хорооноос судалж байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын ээлжит сонгуульд тэднийг зайнаас сонгуульд оролцох боломжийг нэвтрүүлэх шаардлагатай. Энэ бол дэлхийн монголчуудыг төр барилцахад оролцуулах зорилго юм.
Хоёрт, иргэд хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хяналх үйл ажиллагаанд оролцох боложийг Д-парламент олгож эхэлсэн. 33, 70, 100 мянган хүн санал өгч, түүхийг авч хэлэлцэх ажиллагаа сүүлийн үед нэлээд идэвхжиж байна. Энэ бол зөв алхам юм.
Үүнд дургүй улстөрчид бас бий. “Утгагүй шаардлагууд их орж ирж байна. Цаг үрж байна” гэх маягаар. Гэхдээ утгатай санал их орж ирнэ. Хэзээ нэгэн цагт УИХ хэт вакуумжиж, хуйвалдан, хүмүүсээс тусгаарлагдах нөхцөл байдал үүслээ гэхэд тэр үед энэ систем маш хэрэгтэй. Цаашид Д-парламентыг илүү сайн бэхжүүлэх тал дээр ажиллаж байна. Саяхан энэ талаарх хэлэлцүүлэг зохион байгуулахад 10, 20 мянган санал гаргаад хаягдсан чухал асуудлууд байна. Ийм хүмүүсийн саналыг хаяж болохгүй. Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын парламентад очиж ажилласан. Тэнд 10 мянган хүний санал авах юм бол Засгийн газар руугаа явуулдаг. Тэндээс заавал хариу өг гэдэг. Энэ системийг сайжруулах тал дээр нэмэлт өөрчлөлт хийхээр бэлтгэлээ хийж байна.
Гуравт, автомашины татварын асуудал 100 мянган хүний гарын үсэгтэйгээр УИХ-ын руу орж ирээд УИХ-ын даргын шийдвэрээр ажлын хэсэг гарчихсан байгаа. Татварыг тогтоосон нь НИТХ.
УИХ иргэнийхээ өргөдлийг авч хэлэлцээд байхад нийслэл, дүүрэг, аймгийн ИТХ яагаад авдаг систем байхгүй байна вэ. Энэ бол илт доголдол. Хууль тогтоох байгууллага иргэдээ сонсч байхад ИТХ иргэдийнхээ үгийг яагаад авахгүй байна вэ. Тиймээс ИТХ-ын түвшинд нийтийн өргөдөл авах эрх зүйн орчин Нэгжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөор оруулах, түүнтэй холбоотой цахим систем бий болгох ажлыг санаачлаад хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина.
ГУРАВ: ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БА ЁС ЗҮЙ
-Та ХҮН-намаас сонгогдсон гишүүн. ХҮН намыг сонгогчид өндөр хүлээлттэйгээр суудлууд өгсөн. Намын үзэл баримтлал бодит байдал хэрэгжиж байна уу. Хамтарсан Засаг байгуулсан гэдгээр бүх зүйл хайцаалагдаж байх вий гэх болгоомжлол байна?
-Намын үзэл баримтлал бол хүмүүнлэг, эрх чөлөөний үзэл гэж томъёолсон юм. Хүн чөлөөтэй байх ёстой, гэхдээ хүнлэг байх хэрэгтэй. Тэр хүрээндээ миний баримталж байгаа бүтээх, сэтгэх, үйлдэх эрх чөлөө энэ агуулга руу явж байгаа гэж хардаг.
Үзэл санаа, итгэл үнэмшил нэг зүйл. Амьдрал нэг өөр, аж ахуйн асуудал бас нэг өөр. Хамтарсан засагт ХҮН нам орчихсон байдаг. Тэглээ гээд дуугүй суухгүй байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Жагсаал цуглааны тухай хууль гээд хамтарсан Засгийн газраас оруулж ирж байгаа хуульийн төсөл дээр өөрийн эсрэг байр сууриа илэрхийлж л байгаа.
Энэ бол хөнгөн жишээ. Цаана нь эдийн засгийн ач холбогдолтой, төсөв мөнгөтэй холбоотой, том бүтээн байгуулалтын асуудлууд бүр их ноцтой зөрчилтэй зүйлүүд гарч ирнэ. Гарч ирж ч байгаа. Түүн дээр аль болох балансыг олох гэж хичээж байна. Үнэнийг хэлэхэд би олон удаа парламентад суусан туршлагатай улстөрч биш. Мэдээж нийтээрээ шийдвэр гаргаад хамтарсан Засгийн газарт орчихсон байдаг. Чадан ядан тогтоож байгаа юмыг яаж хөмрөөд хаячих вэ, гэхдээ хэлэх үгээ чөлөөтэй хэлж, өөрчлөлтийг яаж хийх вэ гээд оролдоод явж байна.
Зарчмын зөрүүтэй үг, үйлдлүүд ч гараад байгаа. Гэхдээ “Ерөөсөө болохгүй юм байна, больсон дээр юм байна” гэх хэмжээний ноцтой зүйл хараахан гарч ирээгүй байна. Сая Биржийн тухай хуулин дээр нэмэлт өөрчлалт оруулж ирээд, түүхий эдээ бартертаж мега төслүүдээ явуулна гэж байх жишээтэй. Ингэвэл ямар ч хяналтгүй, ноцтой зүйл болно. Засгийн газар түүнийгээ татаад аваад явсан. Хэрэв Монголын эдийн засаг, эрх ашигт ноцтой хор хохирол учруулахаар шийдвэрийг хамтарсан Засгаас гаргавал миний хувьд огцруулах солих шийдвэр гаргахад асуудалгүй бэлэн.
-Улстөрч, УИХ-ын гишүүн ёс зүйтэй байх ёстой. Нийгэм тэднийг харж үлгэрлэж байдаг. Гэвч бодит байдал дээр ёс зүйг сахиж чадахгүй байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Төр гэдэг үгийн утга бол хууль. Төр барих гэдэг хуулийг сахиулах тухай юм. Хууль гэдэг нэг хэсэг хүмүүс хуралдаж суугаад зохиочихдог зохиол биш. Энэ бол жам ёс, хэдэн мянганы туршид бий болсон хүмүүсийн харилцааны суртахуун юм.
УИХ хууль батлахад тэр нь Монголын амьдрал, монголчуудын үнэт зүйл, Үндсэн хуульд тодорхойлсноор хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд нийцтэй байх ёстой. Төр гэдэг бол ёсыг сахиулна. Төр барина гэдэг ёс сахина гэсэн үг. Тэр утгаараа төр барилцаж байгаа хүмүүс “ёс”-той байх нь чухал.
ДӨРӨВ: ЧӨЛӨӨТ
-Чөлөөт цагаараа сонирхож хийдэг зүйл бий юү?
-Би аль болох амралтын өдөр ажиллахгүй байхыг боддог. Ажиллахгүй байх нь хобби. Ням гаригт янз бүрийн зааланд, тэр дундаа тулааны спортын зааланд очиж хөлсөө гаргаж байх сонирхолтой.
-Гэр бүлдээ цаг гаргаж байна уу?
-Би гэр бүлдээ тун дажгүй юм шиг санагддаг. Гэтэл манай гэр бүл намайг тун хангалтгүй байгаа гэж шүүмжилдэг. Хичээж л байна.
-Ярилцсанд баярлалаа.
ШИНЭ МЭДЭЭ



