МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.ЭРДЭНЭБОЛД: ТӨРӨЛ БҮРИЙН ТҮЙМРЭЭС СЭРЭМЖИЛ!
2025.04.30
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

С.ЭРДЭНЭБОЛД: ТӨРӨЛ БҮРИЙН ТҮЙМРЭЭС СЭРЭМЖИЛ!

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат сумдын нутгийг хамарсан ой хээрийн түймэр гарч, албаны хүмүүс унтраахаар ажиллаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд гал унтраахад гар бие оролцож яваа тухайгаа мэдээлсэн.

Тэгвэл тэрбээр цахим хуудаснаа төрөл бүрийн түймрээс сэрэмжил хэмээн мэдээллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Нэгэн зүйл. Нэгэнт Үндсэн хуулинд тангараг өргөсөн учраас, тодорхой тойрог төлөөлж, иргэдийнхээ итгэл үнэмшлийг хадгалж, зүтгэхийг хичээж буй учраас зарим зүйлд тодорхой тайлбар өгч байх нь зөв байх. Зарим ташаа ойлголтыг тайлбаргүй үлдээж болох ч “сонгосон” хүмүүсийнхээ “чихийг халууцуулахгүй” байх үүднээс хариуцлагатай байдлыг чухал хэмээж хэдэн зүйл бичье.

Нэгэн зүйл. 2006 оны зун. Төрийн ордны баруун хойд талын 3 давхарт гарсан галыг гаднаас нь харж дуудлага өгөөд иргэний журамт үүргээ биелүүлж байлаа.
Нэгэн зүйл. 2017 онд наадмын дараа Түнхэлд түймэр гарлаа. Олон залуус сайн дураар очсоны дотор, миний бие, мөн миний найзууд ч байлцаж, ойн түймрийг дарахаар хэд хонож байв.
Нэгэн зүйл. 2024 оны 1 сар. “Дүнжингаравын дэлбэрэлт” болсон эмгэнэлт цаг. Утсаараа үйл явдлыг 4 цаг гаран шууд дамжуулж “live” хийснийг нь олон хүн үзсэн. Үүгээрээ иргэний журамт үүргээ биелүүлж олон хүнд амин чухал мэдээлэл дамжуулсан гэж итгэж явдаг. Олон хэвлэл мэдээлэл тэр бичлэгээс шууд эш татаж нийтэлж, түгээж байсан.
Нэгэн зүйл. 2025 оны 4 сарын 29. Өмнөх өдрийнх нь орой Зүүнбүрэнгээс Нарангоо хэмээх бүсгүй холбогдож, “цагийн байдал” хүнд байна, тойргоос сонгогдсон гишүүний хувиар яаралтай тусалж дэмжих хэрэгтэй” тухай хэлсэн.

Тэр даруйд нь Шадар сайд С.Амарсайхантай холбогдож, мөн газар дээр нь очиж дэмжлэг үзүүлэхээр УИХ-ын гишүүн Д.Батбаярын хамт шөнөдөө Сэлэнгэ рүү гарсан.

Замын явцад Зүүнбүрэнгээс гал Хушаат руу орж байгаа мэдээ авсан. 29-ний шөнийн 03 цагийн орчимд сумын Шуурхай штабд хүрэлцэн ирж, улмаар хэдхэн минутын дараа гал түймрийн голомттой газар хүрэлцэн очлоо.

Нэгэн зүйл. “Бугат” уулын оргил орчимд авирч, Онцгой байдлын залуусын хамт галын шугамд очсон. Хэсэг хэсгээрээ түймрийн дэгдэлттэй хэсгүүдийг “хариуцаж авсан”. Хориод насны залуухан алба хаагч залууг дагаж, түүний “улирдлага, заавраар” гал унтраах ажиллагаанд оролцсон.

Нэгэн зүйл. Салхи тогтож, түймрийн явц саарамагжиж, мөн “мэргэжлийн” алба хаагчдын шуурхай, авхаалжтай үйл ажиллагааны үндсэн дээр түймэр тухайн үед хяналтад орсон.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ганзориг маш чадварлагаар багаа удирдаж ажилласан. Мөн Хушаат сумын Засаг дарга болон, ЗДТГ-ын ажилтнууд, иргэд, залуучуудын дэмжлэгийн багууд тэнд идэвхтэй ажилласан.

Нэгэн зүйл. Аюул, гамшиг болж байхад, тэр түймэртэй уулын оройгоор студи дагуулаад, дүр эсгээд гүйж явах тийм тэнэг хүн тэнд нэг ч байхгүй. Мөн галын захад очоод, гараа хөдөлгөөгүй атлаа зураг хөрөг татуулж явах ёс зүй ч надад үгүй. Харин сонгогдсон тойргийн иргэддээ, наанадаж “хамт байгаа” гэдгээ мэдэгдэх, цаанадаж юу хийгээд яваагаа “тайлагнах” үүрэг надад бий. Учир нь тойргоос маш олон дуудлагууд ирсэн байсан.

Нэгэн зүйл. Иргэд нь гамшгаас сүрдэж, түүний уршгаар орон гэргүй болж байхад тусалж дэмжихийн оронд алсаас хараад “шүүж” суух, холоос хараад “чимээгүй ажиглах” тийм хүмүүжил надад байхгүй юм. Тойргоос сонгогдсон гишүүний хувьд бол хэнээр ч заалгахгүй, ямар ч шүүмжлэлээс тойролгүй очих ёстой газраа, очих ёстой цагтаа очсоор л байх болно. Хаана, юу хийж яваагаа ч ил тод иргэддээ мэдээлсээр байх болно.

Нэгэн зүйл. Би УИХ-ын гишүүн болоод нэг ч хэвлэлтэй гэрээ байгуулаагүй. UBN, Paparazzi зэрэг сайтууд бодитой, эх сурвалжтай мэдээлэл миний цахим хуудсаас авч түгээсэн байна лээ. Их баярлалаа. Миний хувьд УИХ-ын гишүүний тангараг өргөөд НЭГ Ч УДАА FACEBOOK нийтлэлээ BOOST буюу төлбөр төлж нийтлээгүй болно.

Нэгэн зүйл. Миний Цахим хуудаст маш олон төрлийн видео мэдээлэл бий. Түүнийг үзээд бодлогын шүүмж өрнүүлвэл их баярлах болно. Эцэст нь хэлэхэд чөлөөт нийгэмд хэн бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байх ёстой. Шүүмжилж ч байх учиртай. Тунгалагшлаас сайн зүйлс эхэлдэг.

Миний хувьд үргэлж, нээлттэй, бусдын үзэл бодолд хүлээцтэй хандана. Харин бодит бус, ташаа мэдээнд зохих ёсоор тайлбар бичиж байх нь “хариуцлагатай” байдлын хэмжүүр буй за.

Ой, хээрийн түймэр, үзэн ядалтын түймэр, мушгин гуйвуулагчдын түймрээс сэргийлье. Төрөл бүрийн түймрээс сэрэмжил.

ШИНЭ МЭДЭЭ