МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БЗС-ийн журмыг сайжруулах тогтоолыг Байнгын хороогоор хэлэлцүүлэн батлууллаа
2025.04.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

БЗС-ийн журмыг сайжруулах тогтоолыг Байнгын хороогоор хэлэлцүүлэн батлууллаа

Миний бие УИХ дахь БЗС-ийн журмыг сайжруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж, холбогдох тогтоол, санал дүгнэлтийг Байнгын хороогоор хэлэлцүүлэн батлууллаа.

  • Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд олон улсын сайн туршлага, жишгийг нэвтрүүлэх арга хэмжээг авч урт хугацаанд тогтвортой мөрдөгдөх зохицуулалтыг тусгах;
  • Суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгохдоо ил тод, нээлттэй, шударга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, үндэслэл бүхий байх зарчмыг баримтлах;
  • Тогтоосон шалгуур, шаардлагыг хангасан суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгохдоо Засгийн газраас баталсан боловсролын тэргүүлэх чиглэл, эрэлттэй мэргэжил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээгээр эрэмбэлсэн зохицуулалтыг тусгах;
  • Зорилтот бүлэгт чиглэсэн буцалтгүй тусламжийг оновчтой бөгөөд тэгш, хүртээмжтэй хуваарилах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх;
  • Гадаадын сургалтын байгууллагад суралцагчдыг сургуулиа төгсөж, эх орондоо ирэхээс өмнө мэргэжлээрээ тухайн орон, олон улсын байгууллагад туршлага хуримтлуулах зорилгоор тодорхой хугацаанд ажиллахыг дэмжсэн, уян хатан зохицуулалтыг бий болгох;
  • Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын сургалтын байгууллагад суралцан төгсөгчдийг эх орондоо ирэх нөхцөл, шаардлагыг тодорхойлж, тэднээс гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын оновчтой механизмыг бүрдүүлэх;
  • Журмыг боловсруулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, холбогдох эрх зүйн актуудтай нийцүүлэх, бүтэц, системчлэл оновчтой, давхардал хийдэлгүй, ойлгомжтойгоор томьёолж батлах;
  • Суралцагчийг сонгон шалгаруулахдаа аливаа нөлөөлөл, ашиг сонирхлоос ангид байх, элсэн суралцах сургуулийн эрэмбэ, сургалтын төлбөрийн хэмжээ, суралцагчийн авсан тэтгэлгийн хувь хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг нарийвчлан тусгах;
  • Дэлхийн шилдэг их сургуулиудын сургалтын төлбөрийн тодорхой хувийг гадаад, дотоодын бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн суралцагчийн үлдсэн төлбөрийг хэрхэн шийдвэрлэх зохицуулалтыг тодорхой тусгах;
  • Зээлийн эргэн төлөлтийн нөхцөл журмыг тодорхой болгох, хөндлөнгийн хяналтын механизмыг бий болгон нэвтрүүлэх, үүргээ зөрчсөн, хариуцлага алдсан тохиолдолд түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхой заах;
  • Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, сангийн хөрөнгийг бүрдүүлэх ажлын хүрээнд зээлийн эргэн төлөлтийг сайжруулах;
  • Дотоод болон гадаадын сургалтын байгууллагад суралцаж буй суралцагч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд мэдээллийг ялгаварлалгүйгээр Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлжүүлэх, хэрэгжилт болон хариуцлагын тогтолцоог сайжруулах;
  • Засгийн газраас 2024 оны 103 тоот тогтоолоор баталсан "Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн боловсронгуй болгох;
  • Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны 1 хүүхдийг мал аж ахуйн тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөгүй сургах журмыг боловсруулан батлуулах;
  • Монгол Улсад дутагдалтай байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажилладаг мэргэжилтэн бэлтгэхийг дэмжих хүрээнд хэл засалч, хөдөлгөөн засалч, протез техникч, хөдөлмөр засалч зэрэг мэргэжлүүдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулах, уг мэргэжлээр суралцаж төгссөн иргэдийг боловсролын байгууллагаас гадна, сургалтын эмнэлэг, сувилал, сэргээн засах төв эмнэлэг зэрэг байгууллагуудад ажиллах тохиолдолд дахин 1 удаа давтан суралцуулахыг дэмжих зохицуулалтыг тусгах.

ШИНЭ МЭДЭЭ