МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.03.31
Улстөр

Б.Жаргалан: Ерөнхий сайд урагш харсан эерэг манлайлал үзүүлж, ЗГ-ын "F" дүнгээ засахыг сануулъя

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Бид нэгэн зэрэг хэд хэдэн баримт бичгийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Улс төржлөө гэх юм. МАН үнэмлэхүй олон суудлаар дээрх төлөвлөгөөг бодож олсон учраас асууж байна. Өмнөх нийгмээ санагалзсан уу, урд, хойд хөршөө даган дуурайсан юмуу ойлгомжгүй. Уул нь манай улс ЗГ-ын төлөвлөгөөгөө 4 жилээр батлаад явдаг. Энэ парламент сонгогдсон даруйдаа ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Ийм олон тайлан, давхардсан ажил хийгээд ажил сайжирдаг бол, 5 жилийн коммунист төлөвлөгөө хийлээ гээд иргэдийн амьдрал сайжирдаг бол хамаа алга. Гэтэл бүгд тодорхой үр дүнд хүрээгүй гэх дүгнэлттэй. Энэ тайланг хэлэлцэх сургаар яамдын албан хаагчид Төрийн ордны коридорт сахиад суучихна. Тэд ажлаа хийгээд тайланг зөвхөн сайд нар хариуцаж энд суух ёстой гэсэн УИХ-ын даргын удаа дараагийн сануулгыг дэмжиж байна.

Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэд хандаж, “Монгол Улсын түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажиллаж байгаа хүн. Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш ингэж удааж ажилласан сайд үгүй. Гэтэл энэ хугацааны ЗГ-ын ажлын үнэлгээ 66 хувьтай. Энэ бол “F” үнэлгээ. Гүйцэтгэлээ танилцуулсан илтгэлдээ ковидыг ялсан гэлээ. Ковидын үед юу болсныг дахин сануулах хэрэгтэй юм шиг байна. Эх орондоо ирж чадалгүй гэр бүлээсээ хагацсан хүмүүс, Улаанбаатар руу орж ирэх гээд 22-ын товчоон дээр амьсгал хураасан эмэгтэй, 8 сая төгрөгийг Ковидын багц, үй түмэн хүний эрхийн зөрчлүүдийг бид мартаа юу? ЭЗ 5 хувь агших үеийн алдагдлаа нөхөж чадалгүй дампуурсан үй түмэн олон аж ахуй нэгжүүд, боловсролын хоцрогдлоо арилгаж чадахгүй байгаа маш олон хүүхэд багачууд бий. Энэ хугацаанд юмны үнэ хэд дахин нэмэгдсэн билээ. Өдөр тутам үнийн өсөлтөд дарлуулж байгаа. Ковидоос хойш нүүрсний экспорт өсч нэг хүнд ногдох ДНБ нэмэгдсэн гэж харагдаж байгаа ч иргэд үнийн өсөлтөд дарлуулсан хэвээр. Гэтэл төсөв данхгар, төрийн мөнгөөр туйлсан хэвээр. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа 100 гаруй их наяд төгрөгийн улсын төсвийг захиран зарцуулсан. Гэтэл ҮАГ-аас үүний 21,7 их наяд төгрөгийн зарцуулалт нийгэмд ямар ч эерэг өөрчлөлт авчраагүй гээд дүгнэж. Энэ нь нүүрсний 40 их наяд гэдэг шиг замхрах уу? Ерөнхий сайдын тайлагнаж буй 5 жилийн үндсэн чиглэл дэх 9 бодлогын 1-т Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх гэсэн зорилт бий. Энэ нь 51 хувийн үнэлгээтэй. Үүнийг үнэхээр хүсч байвал өөрөө улс төрийн манлайлал үзүүлэх хэрэгтэй. Хэн нэгэн хийсвэр дайсныг ярих тухай биш, шүүмж хэлсэн хүний хар пи ардах биш, улс орныг талцуулсан нэвтрүүлэг хийж бүх телевизээр цацах биш урагшаа харсан эерэг манлайлал үзүүлж чадвал бид үндэсний эв нэгдлээ хангана гэдгийг сануулахыг хүсч байна.

Түүний асуултад УИХ-ын Тамгийн Газрын дэд дарга Ү.Амарбат хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ