
2025.03.31
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт 3 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Тариалангийн тогтвортой хөгжлийн “Атрын IV аян”-г албан ёсоор нээж, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт 3 дугаар сарын 28-ны өдөр эхэллээ.
Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын зарим гишүүд, 21 аймаг, нийслэлийн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 600 гаруй төлөөлөгч оролцож байна.
Газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын хөгжил нь дан ганц хүнсний хангамжийн асуудал биш, экспорт, бүс нутгийн хөгжил, тогтвортой амьжиргаа, нийгмийн тэнцвэрийг хангах үндэс юм. Тийм ч учраас сүүлийн 10 гаруй жилээр авч үзэхэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал, дэмжлэг, хүүгийн татаас гээд нийтдээ 3 их наяд төгрөгийн дэмжлэгийг зөвхөн энэ салбарт үзүүлээд байна.
Сангийн сайд Б.Жавхлан хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө, дэмжлэгийг хуваарилахдаа зорилт, үр дүнтэй нь уяж, тухайн жилийн төсвийг төлөвлөхдөө салбарын бүтээмж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилт тавьж, цаашид Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ЗГ-ын Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хөдөө аж ахуйн салбарын экпортыг нэмэгдүүлэх чиглэлээр цогц арга хэмжээ авч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.