
“Төрийн өмчит компанийн эрх зүйн шинэчлэлт, төрийн өмчлөлийн бодлогыг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хурал боллоо
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Төрийн өмчит компанийн эрх зүйн шинэчлэлт, төрийн өмчлөлийн бодлогыг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хурлыг өнөөдөр /2025.03.26/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа.
Энэхүү хуралд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөл болох 80 орчим хүн оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр олон улсын онол, практикийн хурлыг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын хувьд төрийн өмчийн компанийн эрх зүйн орчны шинэтгэл тулгамдсан асуудлын нэг болсон. 2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт засаглалын шинэчлэлийн бодлогын хүрээнд бизнесийн эрх зүйн орчин, төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулах зорилтыг дэвшүүлж, анхны суурь судалгаа, хуулийн төслийг боловсруулах ажлуудыг эхлүүлж байлаа. 2022 онд Засгийн газар тэр дундаа Хууль зүй дотоод хэргийн яам манлайлж, Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компаний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлж байсан.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа, шинэ УИХ бүрдэхэд өмнөх парламентын үед өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг буцаах зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд шинэ Засгийн газар 2025 оны 01 дүгээр сард Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн засаглалын ил тод байдал, бүтээмжийг сайжруулах тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлснийг онцлов.
Мөн тэрбээр, уг асуудал тусгайлсан нэг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулахад төвөгтэй, салбар дундын шинжтэй тул УИХ-ын даргын захирамжаар 31 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг өнгөрөгч хоёрдугаар сард байгуулсныг дурдаад парламентын 33 жилийн түүхэнд анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан нь УИХ энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч буйг харуулж байна гэлээ.
Төрийн өмчийн компанийн эрх зүйн шинэтгэлийг олон улсын суурь судалгаа, сайн туршлагад тулгуурлан, ул үндэстэй хийх, улмаар Европын холбооны сайн засаглалыг нутагшуулахыг зорьж байна. Сайн туршлагыг нэвтрүүлэн хууль эрх зүйн орчноо шинэчлэхийн зэрэгцээ нийтийн өмчийн суурь эрх зүйн шинэтгэлийг хамтатган хийхийг эрмэлзэж байгаагаа Б.Энхбаяр гишүүн тодотгов.
Түүнчлэн ажлын хэсгийн ахлагч, Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, шинэ Үндсэн хуулиа батлаад 33 жил болж буй ч өмчийн сайн шинэтгэлийг хангалттай хийж чадаагүй хэмээн дүгнэв. 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь батлагдсан ч төр өмчөө ард түмний мэдэлд шилжүүлэх менежментийг хэрхэн хийх, төрийн өмчит хэчнээн компани байна, үүнийхээ удирдлага, хяналт, бүртгэл нь ямар байх, шийдвэр гаргах учиртай төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагууд ямар эрх хэмжээ, зааг ялгаатай байх вэ гэдэг асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлага тулгарсныг онцлон тэмдэглээд, хууль тогтоогчид бид төрийн өмчийн компаниудыг үлэмж хэмжээгээр бууруулах шинэтгэлийг хамтдаа хийж чадна гэдэгт итгэлтэй байна гэж байлаа.
Дараа нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, Монголыг хариуцсан ахлах эдийн засагч Ана Кресич үг хэлсэн.
Үргэлжлүүлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төрийн өмчит компанийн өөрчлөлт, шинэчлэлтийн төслийн зөвлөх Сорана Бачуй “Идэвхтэй, мэдээлэлтэй өмчлөх эрхийг хэрэгжүүлэгч төрийг чадавхжуулах нь”, “Сэцэн билгүүн консалтинг” зөвлөх багийн хуульч Д.Дүгэржав “Төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсронгуй болгох асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, оролцогчид асуулт асууж, санал солилцлоо.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төсөлд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас техникийн дүгнэлт, зөвлөмжүүдийг өглөө.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан уг хурлыг хааж, үг хэлсэн. Тэрбээр, хуралд оролцогчдод талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид ажлын хэсгийн хүрээнд хуулийн төслийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг хийнэ гэдэгт илтгэлтэй байна гэлээ.
Мөн Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиараа өмчийн олон хэлбэрийг баталгаажуулснаас хойш 30 гаруй жил өнгөрсөн. Улмаар төрийн өмч нь адармаатай асуудлын нэг байсаар ирсэн төдийгүй төрийн өмчийн компанийн эдийн засгийн оролцооны асуудал санаа зовох хэмжээнд хүрч байгаа талаар нийгэмд ихээхэн хэлэлцүүлэг өрнөж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас авсан 2023 оны мэдээллээр 99 томоохон компанид ажиллагсдын тоо 58 мянгад хүрч, 64 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, 24 их наяд төгрөгийн орлоготой ажилласныг дурдсан байсан. Уг үзүүлэлт 2024 онд нэмэгдсэн. Энэ нь эдийн засаг дахь төр, төрийн өмчит компаниудын оролцоо хувийн хэвшлээ давсан нөхцөл байдлыг үзүүлж байна. Бид энэ салбарт сайн засаглалыг хэрэгжүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа тэлэх, хувийн хэвшлийг дэмжих, ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд томоохон суурь шинэчлэлүүдийг хийх шаардлагатай байгааг онцлов.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан хэлсэн үгийнхээ төгсгөлд, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн эхлүүлж буй уг ажил энэ удаагийн парламентын хийх томоохон шинэтгэлүүдийн нэг нь байна гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ

