МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг цогц байдлаар үнэлэх хугацаа дөхөж байна
2025.03.28
Улстөр

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг цогц байдлаар үнэлэх хугацаа дөхөж байна

УИХ-ын чуулганы /2025.03.28/-ны өдрийн хуралдаанаар  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцууллаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үйл явц болон Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг тоймлон танилцуулъя. УИХ-ын гишүүдэд дэлгэрэнгүй тайлан тараагдаж, Засгийн газрын гишүүд асуултад хариулах тул тайлант хугацааны логик холбоос талаас тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жилийн хугацааны амжилт ололт, алдаа оноогоо нэгтгэн дүгнэж, шинэ 30 жилийн хөгжлийн бодлогыг сонгуулийн циклийг давж урт хугацаагаар төсөөлөхийн тулд олон улсын нийтлэг жишигт тулгуурлаж "Алсын хараа 2050" хөгжлийн бодлогыг улс төрийн намууд, холбогдох яам, агентлагын мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээ мэргэжлийн байгууллагын 1500 гаруй хүний төлөөлөлтэй нийт 1.5 жилийн хугацаанд боловсруулан тухайн үед батлуулж байсан. УИХ-ын 2025 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор "Алсын хараа 2050" хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг баталж хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдөр таван жилийн хугацаа өнгөрч байна.

2020 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг цогц байдлаар үнэлэх хугацаа дөхөж байна.

Өөрөөр хэлбэл тавдугаар сарын 13-нд таван жилийн тайлан дүгнэлтийг сонсоно. Өнгөрсөн таван жилийн хугацаанд цар тахал, Орос, Украйны дайн зэрэг олон улсын геополитикийн нөхцөл байдал нэн тогтворгүй байсан ч хөгжлийн бодлогод тусгагдсан суурь асуудлууд шийдвэрлэгдэж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайлан, хяналт шинжилгээний дүнгээр 67 хувьтай байна гэж дүгнэж байна.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Мандхай:

Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан санал дүгнэлтийг танилцуулъя. Монгол Улсын Засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр УИХ-д ирүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилт, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тайланг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын болон эдийн засгийн байнгын хороо 2025 оны гуравдугаар сарын 18, 25-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ. 

ШИНЭ МЭДЭЭ