Олон улсын онол, практикийн хурал боллоо
2025.03.26
Эдийн засаг, Худалдаа

Олон улсын онол, практикийн хурал боллоо

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Төрийн өмчит компанийн эрх зүйн шинэчлэлт, төрийн өмчлөлийн бодлогыг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хурлыг /2025.03.26/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа.

Энэхүү хуралд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөл болох 80 орчим хүн оролцов.

Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр "Монгол Улсын хувьд төрийн өмчийн компанийн эрх зүйн орчны шинэтгэл тулгамдсан асуудлын нэг болсон. 2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт засаглалын шинэчлэлийн бодлогын хүрээнд бизнесийн эрх зүйн орчин, төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулах зорилтыг дэвшүүлж, анхны суурь судалгаа, хуулийн төслийг боловсруулах ажлуудыг эхлүүлж байлаа. 2022 онд Засгийн газар тэр дундаа Хууль зүй дотоод хэргийн яам манлайлж, Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компаний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлж байсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа, шинэ УИХ бүрдэхэд өмнөх парламентын үед өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг буцаах зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд шинэ Засгийн газар 2025 оны 01 дүгээр сард Төрийн болон орон нутгийн өмчийн компанийн засаглалын ил тод байдал, бүтээмжийг сайжруулах тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлснийг онцлов.

Мөн тэрбээр, уг асуудал тусгайлсан нэг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулахад төвөгтэй, салбар дундын шинжтэй тул УИХ-ын даргын захирамжаар 31 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг өнгөрөгч хоёрдугаар сард байгуулсныг дурдаад парламентын 33 жилийн түүхэнд анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан нь УИХ энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч буйг харуулж байна гэлээ.

Төрийн өмчийн компанийн эрх зүйн шинэтгэлийг олон улсын суурь судалгаа, сайн туршлагад тулгуурлан, ул үндэстэй хийх, улмаар Европын холбооны сайн засаглалыг нутагшуулахыг зорьж байна. Сайн туршлагыг нэвтрүүлэн хууль эрх зүйн орчноо шинэчлэхийн зэрэгцээ нийтийн өмчийн суурь эрх зүйн шинэтгэлийг хамтатган хийхийг эрмэлзэж байгаагаа мөн тодотгов.

Түүнчлэн Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж, шинэ Үндсэн хуулиа батлаад 33 жил болж буй ч өмчийн сайн шинэтгэлийг хангалттай хийж чадаагүй хэмээн дүгнэв. 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь батлагдсан ч төр өмчөө ард түмний мэдэлд шилжүүлэх менежментийг хэрхэн хийх, төрийн өмчит хэчнээн компани байна, үүнийхээ удирдлага, хяналт, бүртгэл нь ямар байх, шийдвэр гаргах учиртай төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагууд ямар эрх хэмжээ, зааг ялгаатай байх вэ гэдэг асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлага тулгарсныг онцлон тэмдэглээд, хууль тогтоогчид бид төрийн өмчийн компаниудыг үлэмж хэмжээгээр бууруулах шинэтгэлийг хамтдаа хийж чадна гэдэгт итгэлтэй байна гэж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ