Байгаль орчинд ээлтэй ногоон эдийн засгаар нийгмийн сайн сайхныг бүтээнэ
Дэлхий дахинаа тогтвортой, ногоон хөгжил хүчээ авч буй. Харин Иргэний Зориг Ногоон нам хөгжлийн энэхүү өнгө аясыг маш эртнээс мэдэрч, чиг баримжаагаа болгож ирсэн билээ. Өөрөөр хэлбэл, хөгжил дэвшил гэдэг зөвхөн өнөөдрөөр тодорхойлогддоггүй, харин урт хугацаандаа, эрүүл, зөв байх учиртай. Тэр ч үүднээс би ногоон хөгжил, байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн тэгш байдлыг хангах хууль эрх зүйн шинэчлэлийг хийхэд гол анхаарлаа хандуулах болно. Боломжууд ч бий. Тухайлбал, өнөөдөр Монгол Улс эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг нүүрснээс авдаг. Гэтэл говийн бүс нарны асар их нөөцтэй. Хэрэв түүнийг ашиглаж чадвал 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүч нийт эрчим хүчний 30 хувийг хангах боломжтой.
Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах бус тэглэх ёстой. Үүний тулд эрчим хүчний хэмнэлт, ногоон байгууламжийг өргөтгөх, байгальд ээлтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх, барилгын стандартыг боловсронгуй болгох шаардлагатай. Энэ нь зөвхөн байгаль орчинд ээлтэй байгаад зогсохгүй эдийн засагт ч хэмнэлттэй. Дэлхийн банкны судалгаагаар агаарын бохирдлын улмаас Монгол Улсад жил бүр 800 орчим сая ам.долларын хохирол учирч байгааг тогтоосон. Хэрэв зөв хууль, зөв менежмент явуулж чадвал энэхүү зардлыг эрүүл мэндийн салбарт зориулж болно. Мөн хүүхдийн халамжийг сайжруулах, ядуурлыг бууруулах, хөдөөгийн хүүхдийн боловсролыг ч орхигдуулж болохгүй. Миний хувьд эдгээр агуулгаар хууль санаачлах юм.
Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийг дэмжин, цөлжилтийг бууруулахаар “Тэрбум мод” зэрэг ойжуулах хөтөлбөрүүдийг явуулж байгаа ч хөтөлбөрүүд хоорондын уялдаа тун хангалтгүй байна. Хэрэв ойжуулалтыг санхүүжүүлэх бодлогоор, тэр тусмаа уул уурхайн орлогоор санхүүжүүлэн, дэмжиж чадвал газар нутгийн 77 хувьд хүрээд буй цөлжилтийг бууруулах боломжтой. Гэхдээ энэ болгон олон нийтийн санал бодол, оролцоогоор бүтэх тул илүү оновчтой шийдвэр гаргахын тулд би ажиллана.
Үе үеийн парламент, улс төрийн орчинд ил тод байдал улам бүр дордох боллоо. “Transparency International” байгууллагаас гаргадаг авлигын индексээр Монгол Улс дэлхийн 180 орноос 111 дүгээрт жагсаж байна. Энэ бол жил бүр ухарч байгаа үзүүлэлт. Тиймээс нээлттэй харилцааг дэмжиж, хууль тогтоох үйл явц олон нийтэд ил тод байхад би онцгойлон анхаарна.
УИХ-ын гишүүн Р.Батболд
Олон намын тогтолцоо бүхнийг удаашруулдаг гэх үүднээс энэ парламентыг сайлж, муулах хэсэг бий. Гэхдээ би үүнийг давуу тал гэж бодож байна. Учир нь өөр өөр намуудын төлөөлөлтэй байх нь асуудлыг илүү өргөнөөр харахад хүргэдэг. Үр дүнд нь сайн хууль гарна. Жишээ нь, 1990-ээд онд Монгол Улс хувьчлалын хуулиудыг яарч баталсны улмаас эдийн засгийн тэгш бус байдалд ихээхэн нөлөөлсөн. Магад олон талын өнцгөөс харж няхуур хандсан бол өнөөдөр илүү дээр үр дүнг бид харах байлаа. Тиймээс аливаа асуудлыг бодитоор харж, эрүүлээр мэтгэлцэж, зөвшилцсөнөөр урт хугацаанд орших сайн шийдвэрүүд гарахад түлхэц болно.
Парламентын үндсэн зарчим бол олонхоороо шийдвэр гаргах. Хуулиараа ч тийм. Тиймээс би аливаа асуудалд нэгдмэл байр сууринаас хандаж, Монгол улсын урт хугацааны эрх ашиг сонирхлыг чухалчилна. Манай улсын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хамааралтай бөгөөд ДНБ-ий 24 орчим хувийг энэ салбар бүрдүүлдэг. Гэвч уул уурхайн олборлолт нь хөрсний элэгдэл, усны бохирдол зэрэг байгаль орчны ноцтой үр дагавартай. Хэдий нам болоод хувь хүний үзэл бодол, байр суурь маань ногоон хөгжлийг дэмждэг ч улс орныхоо онцлогийг харгалзан, ард иргэдийнхээ эрх ашгийг нэн түрүүнд тавихаас өөр аргагүй юм. Тиймээс уул уурхайгаар дамжсан эдийн засгийн хөгжлийн асуудалд торгон мэдрэмжтэй байж, уул уурхайгаас олсон орлогыг нийгмийн хөгжил хийгээд байгаль орчны нөхөн сэргээхэд зарцуулах тэнцвэрт хандлагыг би дэмжинэ.
Эцэст нь хэлэхэд, бид эмзэг бүлгийн хүн амын нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй. Монголчуудын 30 гаруй хувь нь малчид. Тэд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй хүмүүсийн тоонд ордог. Эко аялал жуулчлал эсвэл тогтвортой хөдөө аж ахуй зэрэг амьжиргааны өөр өөр хэлбэрийг дэмжсэн хуулиуд нь эдгээр бүлэг хүмүүсийг дэмжихэд ч зориулагдах ёстой. Тодруулбал, амжиргааны эх үүсвэрээ нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь туслахын зэрэгцээ Монгол түмний нүүдэлчин ахуй, соёл уламжлалыг хамгаалах бодлогын залгамж болох нь чухал.
Тиймээс миний хувьд эрэмбэлвэл, байгаль орчинд ээлтэй аливаа арга технологид суурилан эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох замаар нийгмийн сайн сайхныг бүтээн байгуулах гэсэн бодлого зарчимд тулгуурлан аливаа асуудалд хандана гэж хэлж болохоор байна. Өнөөдрийн бидний гаргаж буй шийдвэрүүд монголчууд бидний өнөөгийн бас ирээдүйнхний маань эрх ашигт нийцэж байх ёстой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn