П.Батчимэг: Татварын хууль тогтоомжийн шинэчлэл ААН-үүд, иргэдийн өмнө өндөр хүлээлттэй байна
“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн хүрээнд татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийнхээ саналыг сонсох үе шаттай хэлэлцүүлгүүд зохион байгуулж буй.
Тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн П.Батчимэг тус хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ “Хэлэлцүүлэгт салбарын мэргэжлийн холбоод, татвар төлөгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 225 орчим хүн оролцож байгаа нь татварын хууль тогтоомжийн шинэчлэл аж ахуйн нэгжүүд, иргэдийн өмнө өндөр хүлээлт, шаардлага болсныг илтгэж байна.
Тухайлбал, иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс “НӨАТ-ыг нэг хэсэг нь төлж, нөгөө хэсэг нь төлдөггүй шударга бус байдлыг арилгах, НӨАТ-ын 50 сая₮ босгыг өөрчлөх, ковидын хүнд цагийн үеийн 2 жилийн НӨАТ-ын өршөөлийн хууль гаргах хэрэгтэй талаар, мөн НӨАТ-ын бүртгэл мөнгөн сууринд оруулах, гааль дээр НӨАТ авахыг зогсоох, татварын шүүхтэй болох гэсэн чухал саналууд хэллээ. Та бүхнийхээ хэлсэн санал, хүсэлтүүдийг татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд УИХ-ын гишүүний хувьд онцгойлон анхаарч ажиллах болно” гэсэн юм.