П.Батчимэг: Оюутан, залуус, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд төвлөрч ажиллана
2025.01.26

П.Батчимэг: Оюутан, залуус, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд төвлөрч ажиллана

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган 81 өдөр үргэлжилж 1 сарын 24-нд завсарлалаа.

Энэ хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 32, УИХ-ын Байнгын хороо 146, дэд хороо 6 удаа хуралдаж, нийт 52 хууль, УИХ-ын 54 тогтоолыг хэлэлцэн баталж, УИХ-ын гишүүд маань өндөр ачаалалтай ажилласан талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг мэдээлэв. .

Тэрбээр хэлэхдээ “Үүнээс онцлоход намрын ээлжит чуулганаар түүхэндээ анх удаагаа 2025 оны улсын төсвийг алдагдалгүй баталж, олон жил гацсан төслүүдийг урагшлуулж чадлаа. УИХ-ын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор УИХ-ын гишүүдээс бүрдсэн нийт 60 гаруй Ажлын хэсэг байгуулагдаж, давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралджээ.

Миний бие иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих эрхийг хангах хүрээнд цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг нарийвчлан зохицуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 3 удаагийн хуралдаан зохион байгуулж ажилласан юм.

Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж буй агаарын бохирдлын асуудалд анхаарч “Агаарын бохирдлыг бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Ирэх хаврын чуулганаар УИХ-ын гишүүний хууль санаачлах үндсэн бүрэн эрхийн хүрээнд оюутан, залуус, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хувийн хэвшил, бизнесийн орчныг сайжруулах, татварын дарамтыг бууруулах чиглэлд тодорхой санал, шийдлийг боловсруулахад төвлөрч ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлэв.