2025.01.20

Ж.Батсуурь: Нийслэл хот нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжинэ

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн. Харин энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. 

Засгийн газраас өргөн барьсан энхүү Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулснаар 

  •  Нийслэл болон нийслэлийн нутаг дэвсгэр дэх бусад хотууд, дагуул хотуудыг “20 минутын хот” үзэл баримтлалаар төлөвлөн, хүн амын суурьшил, хот байгуулалтын оновчтой бодлогоор хөгжүүлж, иргэдийг оршин суугаа газартаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг технологийг хэрэглээнд нэвтрүүлсэн, орчны бохирдолгүй, уур амьсгалын өөрчлөлт, сорилтыг даван туулах, дасан зохицох чадвартай, хэмнэлттэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлнэ.
  •  Нийслэл дэх хот, тосгоны эдэлбэр газрын хэмжээ, зааг, бүсчлэлийг тогтоосноор хотжих боломжтой нутаг дэвсгэрийн газар ашиглалт сайжирч, хяналттай, төлөвлөлттэй суурьшил үүснэ.
  • Гэр хорооллын байршил, инженерийн дэд бүтцийн сүлжээ, сууцны төрөл зэргээс шалтгаалан төвийн бүс нь төвлөрсөн инженерийн дэд бүтцэд холбогдсон өндөр болон дунд давхрын орон сууцны хороолол, дундын бүс нь хэсэгчилсэн инженерийн дэд бүтцэд холбогдсон нам болон дунд давхрын орон сууцны хороолол, захын бүс нь бие даасан инженерийн дэд бүтэц бүхий сайжруулсан амины орон сууцны хороолол болон хөгжинө.
  • Байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалж, агаар орчны бохирдлыг бууруулна. Тухайлбал, барилгажсан болон гэр хорооллын хэсэг, дэд төвүүдэд хотын болон дүүргийн чанартай цэцэрлэгт хүрээлэнгүүдийг шинээр байгуулснаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 5 м2-аас 35 м2 болгон нэмэгдүүлж иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчин бүрдэнэ.
  • Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулна. Тухайлбал, метро, LRT зэрэг их багтаамжтай нийтийн тээврийн сүлжээг бий болгож өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж нийтийн тээврийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ. Мөн 1738.8 км замыг шинээр байгуулж, оргил цагийн хөдөлгөөний дундаж хурд 9 км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэнэ.
  • Нийслэл Улаанбаатар хот нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжиж, иргэд, олон нийтэд нийгмийн болон төрийн үйлчилгээг ойртуулах нөхцөл бүрдэнэ.
  • Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийж, үр дүнг тайлагнана.
  • Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг төр, орон нутаг, хувийн хэвшил, иргэд, олон нийтийн хамтын ажиллагаа, оролцоотой хэрэгжүүлнэ.

Уг төлөвлөлтийн баримт бичиг батлагдан хэрэгжсэнээр хот төлөвлөлтийн шинэ орчинг бүрдүүлэн, нийслэлийн хэмжээнд хот байгуулалтын шинэтгэлийг иж бүрнээр хийх ажээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn