Ёс суртахуунтай гишүүдээс ёс зүйтэй парламент бүрдэнэ
Монгол Улсад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнтэй парламентын чуулган бүрдэж, анхдугаар чуулган, ээлжит бус, намрын чуулганаа амжилттай хуралдууллаа. Энэхүү тогтолцооны өөрчлөлт “Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө” гэсэн ганц зорилготой хийгдсэн билээ. Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн олон янзын тогтолцоогоор найман парламентын нүүрийг үзсэн. Улмаар хамтарсан болон эвслийн Засгийн газрыг хоёр удаа байгуулж, МАН зургаан удаа засагласан байдаг.
Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнгөрсөн парламентуудын үйл ажиллагаанд алдаа, оноо ч бий. Үүнийг засаж, сайжруулахад улс төрийн намын шинэчлэл хэрэгтэй. Миний хувьд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын төлөвшил хөгжил, хэрхэн өрнөсөн болон цаашлаад ирээдүйн төлөвшил хөгжилд юу анхаарах ёстой вэ гэдэг зорилгыг агуулж судалж, улс төрийн намын шинэчлэлд гар бие оролцож, ажиллаж ирсэн туршлагатай.
Төлөвшсөн, хариуцлагатай улс төрийн тогтолцооны шинэчлэлийн төлөө ажиллах зорилготой парламентад орж ирсэн. Үүнийхээ төлөө тууштай ажиллана. Төрийн эрх мэдлийг барих ганц субъект улс төрийн нам институтэжсэн, парламентад нэр дэвшүүлж буй гишүүд нь олон нийтийн оролцоог хангаж чадахуйц, салбар салбарын төлөөлөл байх нь чухал. Харин өнгөрсөн хугацаанд улс төрийн намаар дамжиж, засаглал, улс төрийн эрх мэдэлд хүрч, өөрсдийн явцуу эрх ашгаа хамгаалах, тэлэх гэсэн бодлогыг өөгшүүлсэн нь үнэн. Үүний үр дагавраар “76 хулгайч” гэсэн нэршил бий болж, ард түмний төрд итгэх итгэл алдагдсан. Парламент,Засгийн газрын үнэлэмж унасан.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар
Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Засгийн газарт Ардчилсан нам, ХҮН намыг урьж, өнгөрсөн жилүүдэд улс төржиж, гацсан 14 мега төслүүд дээр хамтарна гэсэн зарчмаар ажиллаж байгаа нь улс төрийн намын сонгодог хэлбэр рүү шилжиж байна гэж хэлж болно. Энэ удаагийн 126 гишүүнээс бүрдсэн шинэ парламент хариуцлага хүлээх эзэнгүй, улсын хөрөнгийг хамтдаа хуваагаад хүртдэг өнгөрсөн засгийн газруудын алдааг давтах боломжийг энэ засгийн газарт олгохгүй гэж харж байгаа. Өмнө нь УИХ-ын 76 гишүүнээс хэн нэгэн нь манлайлал үүсгэж, өөрийнхөө талд 8-9 гишүүн оруулж, фракц үүсгээд төрийг шантаачилж, хувь гишүүнтэй тохиролцооны хэлбэрт ордог ийм гажуудал байсан. Үүнийг дээрх тогтолцооны өөрчлөлтөөр хаасан. Энэ өөрчлөлтийг ард түмэн, улс төрчид зөв ойлгох ёстой.
Ямар нэгэн шийдвэр гаргаж, үр дүнг нь харахдаа “Монгол Улсын язгуур эрх ашгийн “ төлөө гэсэн ганцхан зүйлийг харах хэрэгтэй. Ингэж чадвал ард түмний итгэлийг хүлээж чадна. Парламент, Засгийн газар ч зөв голдиролдоо орно. Муу нэрийг хусав ч арилахгүй, сайн нэрийг хүсэв ч олдохгүй гэж ардын үнэн үг бий. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд монгол төрийн нэр хүнд унасан, үүнийг засаж, сайжруулахаас өөр сонголт бидэнд байхгүй. Монгол Улсад Монгол төр засаглах учиртай.
Улс төрийн намууд улс төрийн намын хүрээнд институтжлэгдэж ажиллах цаг нь болсон. Хэн нэгэн хандивлагчдын мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг хуучин тогтолцоог халах ёстой. Үүнээс салж чадахгүй бол Монгол Улсын засаглал ганхсаар байна. Парламентаас гарч буй шийдвэр, бодлого, хуулийн үр дүнг иргэд хүртэх ёстой. Бусдаар нэг компани, хэн нэгэн хүн хождог байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд гарсан буруу шийдвэрийг засаж, зөвийг нь бататгаад явах үүрэг бидэнд оногдсон. Сонгуулиар амласан амлалтаа, хийж, хэрэгжүүлсэн ажил үйлсээрээ энэ парламент ард түмэндээ нотлох хэрэгтэй.
Миний хувьд Чингис хааны үеэс дагаж, мөрдөж ирсэн Их засаг хуулийг тодорхой түвшинд судалдаг. Энэ хуулийн “амин сүнс” нь хүний ёс суртахууны асуудал. Иймд бид энэ хуулийг эрхэмлэж, судалж, мэдэх шаардлагатай.
Ёс суртахууны асуудлыг ярихгүйгээр авлига, хүнд суртал…гэх мэт нийгэмд бугшсан асуудлыг шийдэх боломжгүй.
Цаашдаа төрийн албан хаагчдаа соён гэгээрүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Улс төрийн намын сонгуульт албан тушаалтан гишүүд нь ёс суртахуунтай, нам нь өөрөө ёс зүйтэй байх учиртай. Ингэж чадвал ёс суртахуунтай гишүүдээс ёс зүйтэй парламент бүрдэнэ.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргын албан тушаалыг давхар хашдаг,ерөнхий байдлаар Ёс суртахууныг хэвшүүлж ажиллах гэж зорьсон. Хууль тогтоох , хуулийн хэрэгжилтийг хянах, гүйцэтгэх засаглалд хяналт тавих дээд байгууллага парламент ч энэ зарчмаа баримтална. Ард түмнээ төлөөлөх чадвартай парламентын жишиг рүү ойртоход аюун санаагаа чилээж, чадлаараа ажиллана. Ахиц, дэвшил, шинэчлэл, өөрчлөлт гарна гэсэн итгэлтэй байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn