ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2024.08.07

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Хоёр жил тутамд болдог “Хилийн чанад дахь Монголчуудын чуулга уулзалт” энэ сарын 2-ноос эхлэх тухай таатай мэдээг та бүхэнд хүргэж байна.

Чуулга уулзалтад гадаад улсад ажиллаж амьдарч буй 800 гаруй хүн эх орондоо ирж оролцоно гэдгийг “Хилийн чанад дахь Монголчуулын зөвлөл”-ийн гишүүдтэй уулзах үеэр хэллээ.

2014 онд анхны уулзалтаа хийж, хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа олон холбоо, зөвлөлийг төр засагтай холбох, гадаадад байгаа иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хамгаалахад чиглүүлэх нэгдсэн байгууллага байх шаардлагатай гэж үзэн энэхүү зөвлөлийг байгуулж байжээ. 2014 онд 110 мянга орчим Монгол иргэд дэлхийн улс орнуудад ажиллаж амьдарч байна гэсэн судалгааг гаргаж байсан бол өнөөдөр энэ тоо 230 мянгад хүрсэн гэнэ.
4 өдөр үргэлжлэх “Хилийн чанад дахь Монголчуудын чуулга уулзалт” -ын үеэр Монгол Улсаа сурталчлах фестивалийг зохион байгуулах бөгөөд үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж, урлаг соёлын олон арга хэмжээ болох юм байна.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран ажиллаж үйл ажиллагаагаа гадаадад амьдарч буй монголчууддаа танилцуулна.
“Хилийн чанад дахь Монголчуулын зөвлөл”-ийн гишүүдтэй уулзах үеэр гадаадад амьдарч байгаа иргэдийн нийгмийн даатгалын асуудал хүнд, нөхөн төлөх боломжтой эсэх, БНСУ-д байгаа хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг өөр улсад байгуулах боломж, нийгмийн даатгалын тогтолцоог сурталчилдаг сайн дурын ажилтныг гадаад оронд ажиллуулах зэрэг санал хүсэлтийг тавьсан. Тэдний тавьсан санал хүсэлтийг судлан дэмжиж ажиллах болно.
Хилийн чанадад ажиллаж буй иргэдийг эх оронтойгоо холбох гүүр болон ажиллаж буй “Хилийн чанад дахь Монголчуулын зөвлөл”-ийн хамт олонд талархлаа илэрхийлье.